Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв.
Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмблэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна.
2020 оны есдүгээр сарын 17-ноос хойш Улсын онцгой комиссын шийдвэрээр гэрийн ажиглалт, тусгаарлалтыг цуцалсантай холбоотой зөвхөн КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлж гарсан нийт 16 хүнийг хяналтандаа авсан ба 10 хүн хяналтаас гарч, өнөөдрийн байдлаар зургаан өрхийн зургаан хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Дараа нь хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.
Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108102 автомашиныг шалгаж нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан байна.
Эдгээр хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Онцгой комиссын гишүүд санал хэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцлөө.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна.
Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.
Мөн түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.