Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ажлын айлчлал, Соёлын яамтай болсны үр шим гарч эхэллээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн Монголын Уран Зургийн Галерей 2020 оны 10 сарын 27-ны өдөр 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан Монголын орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авчирлаа.
Эдгээр бүтээл нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаад Их тэнгэр цогцолборын гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авах байруудад түр байрлуулахаар шилжүүлснээс хойш 30 гаруй жил болсон бөгөөд Уран зургийн галерейд шилжүүлэх асуудал сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдсаны үр дүнд ийнхүү Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ажлын айлчлал, Соёлын яамны дэмжлэгтэйгээр шийдвэрлэгдлээ.
Шилжүүлэн авсан бүтээлүүдийг 10 сарын 27-ноос 11 сарын 10-нийг дуустал галерейн 2 давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн хүндэтгэлийн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд толилуулах бөгөөд цаашид эдгээр бүтээлийн үнэлгээг тогтоох, сэргээн засварлах, хадгалалтын байдлыг сайжруулах ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөж байна.