Өнөөдөр Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна. Монгол улсын нийслэл улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
– Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
Нийслэл хүрээ /1912-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.