Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.
Энэхүү уламжлал болсон барилдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхож бөхчүүдэд шагналыг гардуулсан юм.