Монголын цагдаагийн байгууллагад мөрдэс нэгтэй, мөрөөдөл зорилго адил олон арван хосууд ажиллаж байна. Өглөө ажилдаа яаран хамт гарч, мөнгөн мөрдэсээ гялалзуулан нэгэн гэр бүл болж, ажил амьдралаа тэнцүүхэн аз жаргалаар бялхуулж, зовлон бэрхшээлийг хамтдаа туулж яваа сайхан хосууд цагдаагийн албаны бас нэгэн бахархал юм.
Хэн нь ч ажлаасаа шантрахгүй, урвахгүй харин нэг нэгнийгээ ойлгож, дэмжиж, урам дэм өгч урагшилж амьдарна гэдэг юутай сайхан. Тэдний төлөөлөл болсон хосууд ахлах офицерийн бүрэлдэхүүнд орж, шинэхэн хошууч цолоо авсан Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, Экологийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энхжаргал нартай ярилцлаа.
Цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:
Таны хувьд цагдаагийн байгууллагатай хэдэн оноос эхлэж ажиллаж байна вэ?
Би 2011 онд Цагдаагийн академийг Дотоод цэргийн эрхзүйч гэсэн мэргэжил эзэмшиж төгсөн, Дотоодын цэргийн 805 дугаар ангид дэслэгч цолтой салааны захирагчаар томилогдон ажилласнаар ажлын гараагаа эхлэсэн юм. Дараа нь 2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар хэлтэст ажиллаж байсан маань саяхан мэт санагддаг. 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт мэргэжилтнээр томилогдон ирээд одоо Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн ажил, амьдралыг яагаад сонгох болсон бэ?
Би хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөдөж байгаад хүүхэд насныхаа хүслийг биелүүлээд мөрдэс нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн сурч, ажиллаж байгаагаа их бэлгэшээж боддог. Өнөөдөр /2020.10.28/ Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хошууч цолоо авч, ахлах офицерын бүрэлдэхүүнд орж ажиллах болсондоо баяртай байна.
Бид таныг гэр бүлээрээ цагдаагийн байгууллагад тууштай ажиллаж байна гэдгээр нь онцолж байна. Гэр бүлээрээ цагдаагийн байгууллагад ажиллахын онцлог нь ямар байдаг вэ?
Би эхнэртэйгээ оюутан байхаасаа эхлээд танилцан гэр бүл болоод өнөөдрийг хүртэл хамтдаа сайхан амьдарч байна. Эхнэр маань бас хошууч цолоо аваад хоёулаа хошууч болж, ахлах офицер боллоо. Манай цагдаагийн байгууллагад нэг гэр бүлийн олон залуучууд ажиллаж байна. Миний хувьд байгууллагынхаа албаны сургалт соён гэгээрүүлэх бодлого чиглэлийг хэрэгжүүлдэг хэлтэст ажиллаж байгаагаараа бахархдаг.
Хоёулаа цагдаагийн алба хаагч нар болохоор бие биенээ ойлгож, туслаж дэмжээд өдий хүрсэн. Миний эхнэр бол маш дайчин, тал талын авьяастай, ажилсаг, зарчимч мундаг бүсгүй. Бид чөлөөт цагаараа хөдөө хамт аялах дуртай. Цаашдаа ч бид олон он цагийг хамтдаа туулна гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуусын төлөөлөл юм.
Энэхүү сурвалжлагаар дамжуулан ханьдаа маш их хайртай, чинийхээ эрч хүчтэй, аливаад үргэлж гэгээлэг сайхан хандаж, надад урам дэм эрч хүч хайрладагт баярлаж явдаг шүү гэж хэлье.
Гэргий, цагдаагийн хошууч Б.Энхжаргал:
Таны хувьд цагдаагийн байгууллагад ямар ямар ажил алба хашиж байсан бэ?
Би Цагдаагийн академийг 2011 онд цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилээр төгссөн. Баянгол дүүрэгт нэгдүгээр хорооны хэсгийн байцаагчаар дэслэгч цолтой ажлын гараагаа эхлэж байгаад, мөн дүүрэгтээ Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. Харин 2020 оноос шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Таныг удам дамжсан цагдаагийн алба хаагч гэж хамт олон тань хэлж байсан.
Тийм. Миний аав цагдаагийн байгууллагад насаараа ажилласан бэлтгэл хурандаа Д.Батбаяр гэж хүн байдаг. Дотоод хэргийн их сургуульд дамжаан даргаас цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга хүртэл ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан даа. Удам дамжсан цагдаагийн алба хаагч гэдгээрээ бахархаж аав, ээжийнхээ үргэлжлэл болж яваа минь миний амьдралын бас нэгэн бахархал.
Таны нөхөр мөн цагдаагийн хошууч цолоо сая авлаа. Ханьдаа баяр хүргэж чин сэтгэлийн үгээ манай цахим хуудсаар дамжуулан хэлнэ үү?
Миний нөхөр надад маш их урам зориг өгдөг хамгийн мундаг зөвлөгч маань юм. Аливаад тууштай зан чанар нь хүн бүхний хайр талархлыг хүлээдэг гэж би боддог. Ажил амьдралд минь аливаа асуудал гарахад би ханьдаа хэлэхэд л бүх зүйл тайван болчихдог. Ийм сайхан түшиг болсон ханьтай учраас миний ажил амьдрал сайхан байдаг гэж боддог. Би 2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын аварга хэв журмын ажилтан, харин миний хань 2017 онд Дотоодын цэргийн байгууллагын аварга болж байсан. Чөлөөт цагаараа ширээний теннис тоглож, байгалийн сайханд аялах дуртай. Ханьдаа дахин дахин баяр хүргэж байна. Хамгийн гол нь бие биендээ үнэнч байж, ажил албандаа амжилттай явах нь бид хоёрын гол зорилго гэж хэлээд инээмсэглэв.
Цагдаагийн байгууллагадаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил мэргэжилээрээ манлайлж, ахлах офицерын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа эрхэм ахлахууддаа ажлын амжилт хүсэж байна.
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн төв