Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм.
Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй талаар мэдээллүүд цацагдсан.
Харин өнөөдөр нэр бүхий сайтад салбар яамнаас амралтын хугацааг наашлуулах санал оруулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 1, 15-н гэсэн хоёр хугацаа яригдаж байгаа талаар мэдээлэл гарсан юм.
Бид энэхүү мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа. Салбар яамнаас “Сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар яригдаагүй. Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол Эрүүл мэндийн яам саналаа боловсруулж, манай яамтай зөвшилцөн Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулдаг. ЭМЯ-наас ийм санал оруулж ч ирээгүй байна. Иргэдийн дунд санал асуулга явуулж амралтын хугацааг наашлуулах үндэсгүй. Нөхцөл байдлын мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргадаг. Амралтын хугацааг наашлуулах талаар иргэдээс санал авч байгаа болоод наашлуулахаар санал оруулж, хэлэлцүүлж байгаа гэх мэдээллүүд худал” гэв.
Эх сурвалж: factcheck.mn