Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08 цагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ТЗУХ-ийн дарга М.Баттулга ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар нарыг томилсон тогтоолыг танилцууллаа.
Дараагаар нь ИТХ-ын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ч.Раднаабазар, НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй нар ирэх 4 жилд хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж нийслэлийн болон дүүргийн удирдлагуудтайгаа гар сэтгэл нийлэн хамтран ажиллахаа илэрхийлж үг хэллээ.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулсан бөгөөд 16 чиглэлийн үүрэг өгөгдсөнөөс биелэлт 90 орчим хувьтай байна.
Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хүүхдийн эндэгдэл 50 орчим хувиар буурсан гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн төвд 440 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн бол 4000 орчим хүн амбулаториар үйлчлүүлжээ.
Цагдаагийн хэлтэст 310 гаруй захиргааны болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэн шийдвэрлэгдэж, шалгагдаж байна.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшиг ослын 2, гал түймрийн 4 удаагийн дуудлагаар гарч ажиллан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 140 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Холбогдох мэргэжлийн байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийн дараагаар ТЗУХ-ийн дарга М.Баттулга 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх учраас тусгах саналаа ирүүлэхийн зэрэгцээ өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд онцгойлон анхаарч ажиллахыг санууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэд хэдэн цаг үеийн шинжтэй шуурхай үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр хэлсэн үгэндээ: “Энэ цаг мөчөөс дахин шинэ бодлого, шинэ зорилтоор ажлаа эхлүүлж байна. Өмнө нь алдаа дутагдал, санал гомдол байсан бол энэ ширээний араас мартаад гараарай. Назгайрсан, найр тавьсан, даалгасан ажлыг хэрэгжүүлдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хариуцлагаас мултрахыг хичээдэг хандлага, үзлээр төрийн ажил хэзээ ч явж болохгүй гэдгийг дор бүрнээ ухамсарлаасай гэж хүсэж байна. Бүх төрийн албан хаагчид хариуцлагаа өндөржүүлж, харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэв.
Мөн дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундааны эсрэг дорвитой арга хэмжээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг онцоллоо.