Өнөөдөр Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ГҮТББ, Соёл Урлагийн Их сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчид салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Энэ хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчид шинээр ажилд орж буй албан хаагч, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, чадавхжуулах, энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутнуудыг онол дадлага хосолсон, салбартаа хөрвөх чадвартай мэргэжилтэн болгох, үйлдвэрлэлийн талаар мэдээлэлтэй байлгах, мөн сургуулийн материаллаг бааз, суралцах орчныг сайжруулах зорилгоор хуулийн хүрээнд хамтран ажиллах юм.
Монголын олон суваг дамжуулагчдын холбоо өмнө нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түгээх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт уялдаагаар дэмжин ажиллах зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай, оюуны өмчийг хамгаалах чиглэлд Оюуны өмчийн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.