“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай “Карьер экспо-2020” хөдөлмөрийн яармаг энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 12:00-16:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.
Энэхүү арга хэмжээ нь Ковид-19 гарснаас хойш гадаадад суугаа 21 мянга гаруй Монгол улсын иргэдээ татаж авсантай холбогдуулан гадаад оронд ажиллаж, амьдарч, сурч нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэх, таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлахад чиглэсэн арга хэмжээ болох юм байна.
Уг хөдөлмөрийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Сонирхсон иргэд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой.