Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, үндэсний үйлдвэрлэгч “Эвсэг” ХХК-ийн санаачилсан “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдаа 2020 арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа билээ.
Тодруулбал, “Эвсэг” ХХК-ийн хамт олон худалдаа үйлчилгээний салбараас анхдагч болж, “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд өөрийн үйлдвэрийн төв дэлгүүрт зохион байгуулах юм.
Тэгвэл өнөөдөр “Эвсэг” ХХК-ийн үйлдвэрийн байранд “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” экспо үзэсгэлэн хуралдааны хэвлэлийн бага хурал боллоо.
Тус хуралд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Эвсэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярбат, гүйцэтгэх захирал Д.Мөнхбат, борлуулалт хариуцсан захирал М.Тунгалаг болон албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриатай зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн арга хэмжээг санаачлагч үндэсний үйлдвэрлэгч компаниуддаа юуны өмнө талархал илэрхийлье. Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын асуудал бол хүн бүрт хамааралтай асуудал юм.
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тус байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал, гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг түгээн дэлгэрүүлэх зэрэгт бид хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм.
Монгол улсын нийт хүн амын 3-ны нэгийг 18-аас доош насны хүүхэд багачууд эзэлж байгаа.Тийм учраас том ч бай, жижиг ч бай аливаа төрлийн бизнес хүүхдийн амьдралд шууд болон шууд бусаар оролцож, нөлөөлж байдаг. Хүүхдүүд хэрэглэгч, ажилтнуудын гэр бүлийн гишүүн, залуу ажиллах хүч, ирээдүйн ажилтан, удирдагч гэдэг утгаараа бизнесийн ертөнцөд чухал хүмүүс” гэдгийг онцоллоо.
“ ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор хүүхдийн хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцлоосон экспо үзэсгэлэн худалдаа 3 хоног үргэлжилнэ.