Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- 2020.11.07-ны өдрийн 06.28 цагийн орчимд ХУД-ийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь замын хажуугийн хашлага мөргөж, зорчигч, 19 настай, эмэгтэй Н-н амь хохирсон.
- 2020.11.07-ны өдрийн 10.12 цагийн орчим Хэнтий аймаг Батноров сум, 5-р баг “Дунд сайхан” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 30 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 34 настай, эрэгтэй Б-н амь хохирсон.
Мөн энэ өдрүүдэд нийслэлд 90, орон нутагт 81 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж ажилласан байна.
Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.