Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө.
“Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа”
Тэрбээр “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор COVID-19 халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй.
Өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд бид урд хилдээ илүү анхаарч байсан бол одоо хойд буюу ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг.
Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай УОК-ын гишүүд болон Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын багууд ажиллаад ирсэн. ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна.
Монгол орны цаг уурын нөхцөл байдлаар салхи дандаа хойноосоо чигтэй байгаа учраас бидэнд бодож тооцож, сэргийлэх зүйл маш их байна. Түүнчлэн Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.
Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна.
Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх” гэв.