ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг нь сая төрсөн гурван ихрийн нэг охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа аж.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой.
Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.
Эх болон ихрүүдийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалахын тулд гурав болон түүнээс дээш ихрийг ЭХЭМҮТ-д төрүүлж, төрсний дараах эмчилгээг хариуцдаг юм. 2020 он гарснаас хойш тус эмнэлэгт 16 дахь гурван ихэр өнгөрсөн баасан гарагт мэндэлсэн нь энэ аж.