Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна.
Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар: Бид байр машинаа барьцаалан байж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан. Гэхдээ цар тахлын улмаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Өнгөрсөн таван сараас хойш гадаадын нарийн мэргэжилтнүүдийг оруулах гээд бичиг баримтаа хөөцөлдөж зардал мөнгөө зохицуулсан. Энэ хугацаанд Засгийн газар болон УОК-оос холбогдох зөвшөөрлийг авсан. 39 компанийн 39 мэргэжилтнийг оруулж ирэхийн даваан дээр хилээр гадаадын ажилчдыг нэвтрүүлэхгүй байх талаар хэлэлцэж байна. Албан ёсны шийдвэр гараагүй ч Шадар сайд энэ талаар хэвлэлүүдэд ярьсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс эдгээр 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр нэвтрүүлэх шаардлагыг Шадар сайд, УОК-т хүргүүлж байна. Хэрвээ гадаадын ажиллах хүчнийг хилээр оруулж ирээгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд гаргасан зардлыг барагдуулж өгөхийг шаардаж байна. Компани аж ахуйн нэгжүүд хохирч болохгүй. Би хохирлоо барагдуулахыг шаардана. Гадаадын компанийн мэргэжилтнүүд бүтээн байгуулалтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гаднаас цар тахал оруулж ирэх гэсэнгүй. Гадаадын мэргэжилтнүүд халдвар хамгааллын журмыг маш сайтар сахиж байгаа. Хэн нэгэн компани мянга мянган хүн оруулж ирээд байгаа юм байхгүй.