Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин Монголын үнэн сонины 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн их жанжин Д. Сүхбаатар Монголын үнэн сониныг санаачилсан бөгөөд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Данзан, С.Буяннэмэх, Пүрэв, Ишдорж нарын монголчууд анхны дугааруудыг бэлтгэхэд гар бие оролцжээ. Анхны зургаан дугаарыг 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо хэвлэн гаргасан ба 1921 оноос нийслэлд хүрээнд бэлтгэдэг болжээ.
Анхны дугаараа Газар бүрийн ардууд нэгдэгтүн хэмээх уриатай гарсан Монголын үнэн сонин 1930 онд “Үнэн” нэрээр гарч эхлэхдээ уриагаа Орон бүхний пролетари нар нэгдэгтүн болгож өөрчилжээ. Үүнээс өмнө мөн УРИА, Нийслэлийн шинэ сонин зэрэг нэрээр гарч байв. Улмаар 2010 онд МАХН Монгол Ардын Нам хэмээх анхны нэрээ сэргээн авсны дараа “Үнэн” сонины нэр ч “Монголын үнэн” болж өөрчлөгдсөн юм.
Тус сонин нь Монголд тогтмол хэвлэлийн дэг жаяг, хэв маягийг анхлан бий болгосон, Монголын сэтгүүл зүйн анхдагчдын нэг юм. Манай улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн ард түмний сор нь болсон сэхээтнүүд болох Бямбын Ренчин, Ц.Дамдинсүрэн, нэрт судлаач Г.Дэлэг, Эрдэмтэн сэтгүүлч Ц.Намсрай, нэрт зохиолч, эрдэмтэн сэтгүүлч Л.Түдэв нарын ҮНЭН сонины хөгжилд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их юм. Утга зохиол, урлагийн томчууд ажилладаг байсан учир ҮНЭН сонин тухайн цаг үеийнхээ монгол хэлний хэл,найруулгыг тогтоодог байжээ.
Анхны дугааруудаасаа монголчуудыг Ардын хувьсгалд уриалан дуудсан бол Ардын хувьсгал ялсны дараа нийгмээ шинэ нийгмийн соёл, бичиг үсэгт сургах, Үндсэн хуульт дэг журамт нийгмийг төлөвшүүлэхэд тус сонин үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Монголын үнэн сонин түүхийн бүхий л цаг үедээ уншигчдаа соён гэгээрүүлэх, зохион байгуулах, эв хүчийг нэгтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн. 1985 оноос тус сонины Ерөнхий эрхлэгчээр эрдэмтэн зохиолч, их соён гэгээрүүлэгч Л.Түдэв томилогдон ирэх үе нь өөрчлөн байгууулалтын үетэй давхцаж, улмаар ҮНЭН сонинд ардчилал, шинэчлэлд уриалсан хурц нийтлэлүүд гарч эхэлсэн. Тиймээс тухайн үеийн ҮНЭН сониныг Монгол оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн бамбарыг асаасан гэж зүй ёсоор үнэлдэг юм.