Улсын онцгой комисс ээлжит хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар оролцсон юм.
Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УОК-ын хуралдаанаар сонслоо. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Ингээд эрсдэлийг үнэлээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 15-н хүртэл хаах саналыг Засгийн газарт танилцуулах шийдвэр гаргалаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 орчим ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээд байна. Үүнээс гурван жолооч нь хүсэлтээ өгөөд нутаг буцсан. Бусад 37 хүнийг ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа. Халдвар авсан хүмүүсийг Улаанбаатар хотод авчрах тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдаж эрсдэл учрах вий гэж үзсэн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргаж байна. Иргэдийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаагаагүй.
Мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудыг энэ сарын 16-наас эхлэн түр хаах саналыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг гаригийн зохицуулалттай буюу сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх саналыг Засгийн газарт танилцуулахаар боллоо” гэж мэдэгдлээ.