Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,
Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, энэхүү хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлье.
Хатагтай, ноёд оо,
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав. Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй цөөхөн орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч бид бусад улс орнуудын адил иргэдийнхээ аж амьдрал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг сэргээх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.
Цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхах үзлийг таягдан хаяхын зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, дэлхий дахиныг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгийн дараа эдийн засгаа сэргээх талаар хамтран ажиллах шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байна.
Энэхүү шаардлагад ШХАБ-ын зүгээс цар тахалтай тэмцэх, түүний сөрөг үр нөлөөг багасгах талаар идэвхтэй ажиллаж, 2021-2025 онд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь нийцэж байгаа юм.
Хатагтай, ноёд оо,
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг 2021-2025 онд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө болон бусад баримт бичгийг батлах гэж байгаа нь ШХАБ бүс нутагтаа тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшихөд түлхэц болно гэж харж байна.
Бишкекийн тунхаглалд ажиглагч орнуудыг эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарын практик үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулахын чухлыг тэмдэглэж, Ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зургийг баталсан нь ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж байна.
Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, холбогдох судалгаануудыг хийж, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөрш болох ОХУ, БНХАУ-тай байгалийн хийн хоолой, төмөр зам, авто тээвэр зэрэг тодорхой практик асуудлаар ахиц, дэвшил гаргахад онцгой анхаарч байна.
Бид цар тахлын энэ үед хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дотооддоо 800 гаруй км төмөр замыг богино хугацаанд барьж байгуулж дуусгаж байна. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрчимтэй цөлжиж буй говийн бүс рүү 1000 км усжуулах хоолой татах судалгааны ажлуудыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Бидэнд ийм практик ач холбогдолтой, бодит үр дүнтэй үйл ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэе.
Энэ ялдамд ирэх онд 20 жилээ тэмдэглэх ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмонд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.