Нийслэлээс орох, гарах, хот доторх бүх тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Одоогийн байдлаар зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох аж. Харин хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Таксинд явах зэрэг тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцох явдлууд гарч байна. Иймээс иргэд та бүхний аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин ажиллаж энэ тав хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй аль болохыг гэртээ байхыг зөвлөж байна” гэж хэллээ.
Иймээс иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, гэрээсээ гарахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.