Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд карго нислэг үйлдэж, агаарын хөлгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл 31 тн, 933 кг ачаа, 1281 кг шуудан тээвэрлэсэн бол “УБТЗ” ХНН 372 вагон нүүрс, 40 вагон хүнсний бараа, эмнэлгийн хэрэгсэл дотооддоо зөөвөрлөжээ.
Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 4310 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ