Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг.
Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийж 3164 зөрчил илрүүлж, 75.8 хувийг арилгуулж ажиллалаа.
Шалгалтад хамрагдсан 1985 газрын 1167 буюу 58.7 хувь нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй, 107 буюу 5.3 хувь нь амны хаалт тогтмол хэрэглээгүй, 694 буюу 34.9 хувь нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан 194 буюу 9.7 хувийг эзэллээ. 288 буюу 14.5 хувь нь ажлын байрны угаалга цэвэрлэгээ болон ариутгалын бодисын баталгаажилтгүй, шинжилгээнд хамруулаагүй байна.
Түгээлт, борлуулалт хийж байгаа газруудын 363 буюу 18.2 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй,хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, 606 буюу 30.5 хувь нь үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй зөрчлүүд илэрсэн.
Үйлчлүүлэгчдийн халуун хэмжих багажаар хангагдаагүй, үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, гар ариутгах бодис бэлдмэлээр хангаагүй зэрэг илэрсэн зөрчлийн дийлэнх хувийг гэр хорооллын хүнсний дэлгүүр, хүнсний мухлагуудад тохиолдож байна.
Шалгалтын явцад хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 78 нэр төрлийн 637 ширхэг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн / кимбаб, напалеон ,торт , хотдог, сэндвич, шарсан тахиа, боорцог, эклер, соло, зэрлэг жимс, элэгний нухаш, цөцгийтэй тараг, резинэн чихэр, цагаан самар, өнгөт үрэл, бабулай зайрмаг г.м /-нийг дотоод хяналтаар устгуулсан. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.