Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна.
Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргээр саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай тусламжийн үед хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажил юм. QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд бүү ойлгоорой. Хөл хорио хэвээр үргэлжилж байна. Зарим нэгэн голомтоос шинээр халдвар илрэх тохиолдлууд гарсаар байна. Иймээс Улаанбаатар хот халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа. Иймээс иргэд хөл хорионы дэглэмээ сахиж, гэртээ байх нь чухал. Хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна. Ялангуяа самарт явсан гэх шалтгаанаар олноороо нийслэл рүү нэвтрэх гэсэн оролдлого их гарч байна. Өчигдөр 300 гаруй иргэн товчоод дээр ирж, онцгой байдлын алба хаагчдын ажилд хүндрэл учрууллаа. Бид зайлшгүй тохиолдолд хот руу PCR шинжилгээнд оруулж нэвтрүүлж байгаа бөгөөд хариу нь 24 цагийн дараа гардаг гэдгийг хэлье. Зайлшгүйгээс бусад тохиолдолд иргэд байгаа газраа хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлж байх хэрэгтэй. Удахгүй зорчих хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байна” гэлээ.