Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотнын хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2020 онд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг COVID-19-ийн хариу арга хэмжээний нэг хэсэг байдлаар тасралтгүй үзүүлэхэд Дэлхийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нар нэгдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор зохион байгуулах юм.
Дэлхийн ХДХВ-ийн халдварыг зогсоох 2020 оны тавьсан зорилтондоо хүрээгүй байгаа нь бид ухрах биш цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн шинэчлэх дохио болсон. КОВИД-19 халдвар, цар тахлын улмаас энэ жил “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн талаар иргэдэд олон нийтийн мэдээллийн сувгаар идэвхжүүлэн ажиллаж байна.
“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн хүрээнд дараах зураг хуудас, инфографикийг боловсруулан түгээж байна.
ДОХ-ыг устгахаар ажиллаж байгаа хүн бүрт Талархацгаая.
ХДХВ-ийн халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын эсрэг зогсооцгооё:
COVID-19-ийн цар тахлын үед Эрүүл мэндийн ажилтныг хамгаалж дэмжсэнээр ХДХВ/ДОХ-ын халдварын тусламж үйлчилгээг аюулгүй хүргэнэ
Хүн бүр, хэн байх, хаана байгаагаас үл хамааран COVID-19-ийн цар тахлын үед ХДХВ-ийн тусламж үйлчилгээ авах боломжтой байх ёстой.
Эрт илрүүлэг, оношлгоо нь:
-ХДХВ-ийн халдварыг бууруулж чадна
-ДОХ-ын шалтгаант нас баралтыг бууруулж чадна
-Эмчилгээ, тусламж үйлчилгээг шаардлагатай байгаа хүн бүрт цаг алдалгүй хүргэнэ.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.
Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.
Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.
ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39нас)оношлогдсон байна.