Д.Одгэрэл: Хохирогч эмэгтэйчүүдийн 90 хувь нь нөхрөө засаад авъя гэж боддог

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт явуулсан. Уг сургалтаар ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Одгэрэл “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт түүний мөн чанар” сэдвээр илтгэл тавьсан.

Д.Одгэрэлийн илтгэлээс бид өмнө нь “Хүчирхийллийн суурь шалтгаан нь архидалт бус ЭРХ МЭДЛИЙН ТЭНЦВЭРГҮЙ ХАРИЛЦАА” гарчигтайгаар өмнө нь нийтэлж байсан бол энэ удаад уг илтгэлийн үргэлжлэл болох хүчирхийллийн улмаас ямар хувь хүн болон гэр бүл, нийгэмд ямар эрсдэл үүсдэг талаар  хүргэж байна.

ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Одгэрэлийн илтгэлээс

“…Нэг ичмээр жишээ хэлье.

Манайд хандсан хүчирхийллийн хохирогч эмэгтэйн нөхөр “Та нар яагаад манай гэр бүлийн асуудалд оролцоод байгаа юм. Манай эхнэрийг төр надад тамгалаад өгчихсөн юм”  гэж хэлж байсан. Гэрлэлтийн баталгаагаа хэлж байгаа хэрэг. 

Энэ хүнийг яасан ч миний дур гэсэн хандлагатай хүмүүсийг өөрчлөхөд асар их цаг хугацаа шаардлагатай.

Эхлээд хохирогч хэл ам зөрөх, гар далайх зэргээр эсэргүүцэж эхэлдэг.  Нөхрөөсөө эдийн засгийн хараат байх үед “Би энэ хүнээс салаад явахаар амьдрах боломжгүй юм чинь тэвчээд байж байя” гээд сүүлдээ тухайн байдалдаа дасан зохицдог. Дараа нь далд эсэргүүцнэ. Учир нь ил гаргавал гал дээр тос нэмээд гэр бүлийн асуудал улам томордог учраас дотроо эсэргүүцдэг болдог. 

Хүчирхийлэгч дандаа зодоод байдаггүй. Хоёр өөр орчинд өссөн хосуудад таарахгүй асуудал их гарч ирж, тэрийгээ хуримтлуулсаар байгаад тэсэрч, гар хүрч зоддог. Тэгээд зодсондоо гэмшээд “дахиж тэгэхгүй” гэж уучлалт гуйна. Тэр гэмшил нь хэдхэн сар үргэлжлээд дахиад л зодох гэх мэтээр хүчирхийллийн тойрог үргэлжилнэ. Ингээд байхаар тухайн эмэгтэй ”Нэг болохоор надад хайртай гээд, нэг бол намайг алж хядчих гээд байх юм. Яах ёстой вэ?” гэж эргэлзээнд орж эхэлдэг. Мөн зах хязгаар харагдахгүй болж “Надад хэн ч тусалж чадахгүй юм байна” гэж боддог болно. 
Хүчирхийлэл нэг бол амь насаа алдах, нэг бол хоёр тийшээ салж байж дуусгавар болдог. Яагаад гэвэл шүүх, цагдаагаар явахаар асуудал нь удааширдаг, урт хугацааны, шат дамжлага ихтэй байдаг учраас эмэгтэйчүүд залхаж эхэлдэг байна.

Байнгын хүчирхийлэлд байдаг эмэгтэйчүүдийн зан үйлд өөрчлөлт орж эхэлдэг. 

ХОХИРОГЧИЙН ЗАН ҮЙЛ

  • Хүчирхийлэл үйлдэх /Нөхөртөө гаргасан уураа хүүхдэдээ гаргадаг. Тиймээс ингэж болохгүй. Хүүхэд давхар хохирох, эцэг эхийнхээ хэрүүл маргаан, зодоон цохионыг биеэрээ харж туулж, мэдэрч байдаг/
  • Зөрүүд авирлах
  • Албадмал хөдөлгөөн үйлдэх
  • Архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
  • Осолд орох эрсдэлтэй болох /Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртөх/
  • Гэрээсээ дайжих
  • Хэл ам татлах
  • Худлаа ярих
  • Биеэ үнэлэх /Бэлгийн хүчирхийллийн хохирогчид буруу зам руу орж, биеэ үнэлж, энэ аргаар мөнгө олж болдог юм байна гэсэн ойлголт суух магадлалтай/

Хүчирхийллийн хохирогчид байнга түгшиж, нөхөр нь, аав нь орой согтуу ирэх болов уу, эрүүл ирэх болов уу, хэрэлдэж, зодох болов уу гэх мэтээр байнгын айдас түгшүүрт байснаас болоод хохирогч сэтгэл санааны хувьд стресстэй, дараа нь депресс буюу сэтгэлийн дарамттай болж, сүүлдээ тэр нь травма буюу гэмтэл болж эхэлдэг байна. Хүүхдийн хувьд бусдад итгэх итгэлгүй болох, ой тогтоолт муудах, юмыг эндүү ташаа бодох, анхаарал сарнимхай болдог. 

Багш нарт хандаж хэлэхэд хүүхдийн

  • анхаарал төвлөрөхгүй байх 
  • даалгавраа хийхгүй байх /Даалгавраа хийхгүй байвал эцэг эх нь хийлгэх орон зай, цаг хугацаа, боломжоор хангаж өгч байгаа эсэхэд анхаарах. Магадгүй өдөржин, шөнөжин агсам тавиад байдаг бол хүүхэдтэй ярилцаад “Би чиний нууцыг хэнд ч хэлэхгүй” гэж хэлж, асууснаар хүчирхийллийг илрүүлнэ/
  • хичээл таслаад байвал хүүхдийн ар гэрт анхаарал хандуулах хэрэгтэй.

ЯАГААД ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭС САЛДАГГҮЙ ВЭ?

Хүмүүс “Ингэж амьдрахаар салаач” гэж их амархан хэлдэг. Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн түгээмэл хэрнээ хамгийн далд оршдог. Жишээ нь, би гудамжинд явж байгаад хэн нэгэн хүнд зодуулчихвал сэтгэл өвдөхгүйгээр цагдаад өгчихнө. Гэтэл нөхөр зодчихвол “Цагдаад өгөх үү, байх уу?” гэж их боддог байх нь. “Цагдаад өгвөл намайг дараа нь дарамтлах болов уу?” гэсэн айдастай байдаг учраас тэр цагдаад хандаад байдаггүй. Бүх юм даамжирсны дараа  өгдөг болохоос анхны тохиолдолд хэр баргийн эмэгтэй цагдаа дууддаггүй.

Судалгаагаар хохирогч эмэгтэйчүүдийн 90 хувь нь нөхрөө засаад авъя гэж хариулдаг гэсэн байсан. “Архи уухаараа л зодчихдог”, “Огцом уураа л гаргачихдаг. Түүнээс биш их сайн хүн. Би гэр бүлээ бүрэн бүтэн байлгамаар байна. Нөхрөө засмаар байна” гэж л ирдэг болохоос шууд л “ Нөхрөө хориулъя, шоронд оруулъя” гэж ирдэггүй.

Тиймээс бид хүчирхийлэл үйлдэгчтэй ажиллах шаардлага илүү их байгаа юм. Зан үйлд нь нөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ насанд хүрсэн хүний зан үйлд нөлөөлөх нь өөрөө асар их хугацаа шаардагддаг юм байна. Тиймээс багаас нь эхлээд хүүхдэдээ зөв зан үйл хэвшүүлж байх нь чухал. 

ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭС САЛДАГГҮЙН ШАЛТГААН

  • Эдийн засгийн хамаарал /Ажил байхгүй, орон гэргүй учраас очих газаргүй, яаж хүүхдүүдээ сургах вэ, хоол хүнсээ авах вэ, яаж амьдрах вэ гэсэн эдийн засгийн олон асуудалтай тулгардаг/
  • Итгэл үнэмшил /Ялангуяа шашин, зан заншилтай холбоотойгоор гэрлэлт бол үүрдийнх, нэгэнт гэрлэсэн бол салж болохгүй гэсэн үзэл нь илүүтэй нөлөөлдөг/
  • Нийгмийн дэмжлэг дутагдах /Тогтсон итгэл үнэмшил, нийгмийн сэтгэл зүй, хууль эрх зүйн орчин дутмаг. Жишээ нь, хууль цагдаагаар явахаар доод тал нь 3-6 сар зарцуулдаг. Мөн нийгмийн халамж үйлчилгээ нь хүчирхийллийн хохирогчид ээлтэй бус байдаг. Нийтийг хамарсан нийгмийн халамж байдаг ч амьжиргааны түвшин доогуур, хүчирхийллийн хохирогч зэрэг хэрэгтэй хүндээ төдийлөн хүрч чаддаггүй. 
  • Хэнд хаана хандаж тусламж авахаа мэддэггүй /Хотын захын зарим гэр хорооллын айлуудад мэдээллийн суваг, зурагт, цахилгаан ч байдаггүй/

Монголчууд асуудлыг эвээр биш хүчээр шийдэх гэж оролддог. Хүүхдэдээ жаахан цаг зарцуулаад тайлбарлаад хэлэхийн оронд шууд цохиод авна. ​

 ХОХИРОГЧИЙН НИЙТЛЭГ ИТГЭЛ ҮНЭМШИЛ

  • Би түүний  хэлснийг бүгдийг нь хийвэл хүчирхийллээс зайлсхийж чадна /Хүчирхийллийн хохирогч эмэгтэй “Манай нөхөр намайг хоол хийж чадахгүй байна гэхээр нь би хоолны дамжаанд суусан. Гэр орноо цэвэрлэхгүй байна гэхээр нь гэрээ сайн цэвэрлэдэг болсон. “Чи нүүр амаа будахгүй, орой ирэхэд сэгсийгээд сууж байх юм” гэхээр нь нүүр будалтын сургалтад суугаад үсээ янзалдаг болсон. Гэтэл “Чи тарган байна” гэж нөхөр нь хэлэхэд нь фитнесс, йогад явсан. Нөхрийн хандлага энэ бүхний дараа яг л хэвээрээ байсан. Нөхрийгөө өөнтөглөж хэлсэн зүйлийг би засчихвал нөхөр маань засарна гэж бодсон ч харилцаа өөрчлөгдөөгүй” гэсэн./
  • Би арай илүү хөөрхөн, аятайхан, туранхай ухаалаг байсан бол тэр намайг хүчирхийлэхгүй байсан
  • Ямар ч харилцаагүй байснаас хүчирхийлэлтэй ч болтугай харилцаанд байсан нь дээр /Сүүлийн үед манайд архины хамааралтай хүмүүс их ирж байна. Тэд нөхөртэйгөө нийлж архи уудаг. Надад цайгаа хувааж уудаг хүн хэрэгтэй байна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ архиа хувааж уудаг болчихсон/
  • Надад хэн ч итгэхгүй /Хохирогчид Шүүх, цагдаа, Засаг дарга, нийгмийн ажилтан, эмч зэрэг албан байдлаар хандах нь чухал. Гэтэл албан бусаар ламд үзүүлэх, аав ээж, ах дүү, найз нөхдөдөө буюу албан бусаар хандаад надад хэн ч тус болохгүй нь гээд цөхөрч эхэлдэг/
  • Энэ удаад өөр байх болно
  • Түүнийг өөрчлөх нь миний үүрэг

Сөрөг үр дагавар хувь хүнээс эхлээд нийгмийн давхарга бүрт гардаг. Үүнд: 

Хувь хүн сэтгэл санаа, бие махбод, эдийн засгаар  хохирдог
Гэр бүл хоёр тийшээ болж, хүүхэд өнчирнө. Дахин гэр бүл үүсгэж, хойд эцэг эхийн асуудал яригдана. Сүүлийн үед хойд эцэгтээ зодуулж, цохиулсан тохиолдол их гарч байна. Хойд эцэг, эх болгон муу хүмүүс биш ч эрсдэл үүсэж байна гэсэн үг. 
Байгууллага хамт олны хувьд ч хохиролтой. Хүчирхийлэлд өртсөн хүн ажилдаа ирээд олон хүмүүсийн өмнө сэтгэл санаа нь төвлөрөхгүй байх, ажлын бүтээмж нь буурдаг. Ажилтны бүтээмж буурахад байгууллагад хохиролтой. 
-Нийгэмд маш том асуудал болж байна. Нийгмийг бүрдүүлэгч бичил орчин гэр бүл. Хүүхэд хүчирхийллийг харж өссөнөөр насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд тайван амгалан, хүүхдэд ээлтэй хүчирхийллийг гэр бүлийг бий болгох ёстой.

Монголчууд асуудлыг эвээр биш хүчээр шийдэх гэж оролддог. Хүүхдэдээ жаахан цаг зарцуулаад тайлбарлаад хэлэхийн оронд шууд цохиод авна. Багадаа би суран бүсээр ороолгуулж өссөн, муудаагүй байна гэж ярьдаг эцэг эхчүүд байдаг. Тиймээс энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй.Хүчирхийлэлд өртдөг хүн эрүүл мэндээрээ хохирдог: 

  • Дархлаа мууддаг
  • Байнгын стресстэй байснаас хоол боловсруулах эрхтний өвчтэй болдог 
  • Дотоод шүүрлийн өвчтэй болдог 
  • Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны өвчтэй болдог /ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн/

Эдийн засгийн эрсдэл: 

  • Орон гэргүй болох
  • Ажилгүй, орлогогүй болох
  • Наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй болох

Нийгмийн эрсдэл:

  • Найз нөхөдгүй
  • Хамт олонгүй болгодог

Түүнчлэн хүчирхийллийн хохирогчид хувийн журмаар тусламж хүсэхээр нэмэргүй, арга зам мухарддаг учраас чимээгүй болчихдог. Тиймээс мэргэжлийн хүмүүст хандаж тусламж хүсэхийг зөвлөж байна.

Фэйсбүүк хуудас:
Гэмтэл согог судлалын үндэсний төв
ГССҮТөв Нийгмийн Эрүүл мэндийн алба
Утас: 70180139 /24цаг/

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …