Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-наас эхлэн тодорхой хуваарийн дагуу Коронавируст халдвар /COVID-19/-ын PCR шинжилгээнд хамруулсаар байгаа билээ.
12 дугаар сарын 7-ны даваа гарагаас эхлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ. 100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутан суудаг дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт бэлтгэсэн 20 цэгээр авч байна. Даваа гарагийн оройн байдлаар 15407 оюутныг шинжилгээнд хамруулаад байна.
Шинжилгээ мягмар гарагт үргэлжлэх тул Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, шинжлэх ухааны яам уриалж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам болон их, дээд сургуулиас 166 ажилтан, албан хаагч шинжилгээг зохион байгуулах багт ажиллаж, нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахин мөрдүүлж байна. Мөн Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын 100 гаруй албан хаагч өөр өөрийн чиг үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм.
Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээсэн. Шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явна гэж тооцоолж байгаа юм.