Монгол Улсын зарим аймаг болон нийслэлд “Ковид-19”-ийн цар тахал голомтлон тархсанаас шалтгаалан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цаг үед Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан “Удирдлагын шуурхай бүлэг” томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Тус бүлэг нь Зэвсэгт хүчнээс дэмжлэг үзүүлэх ажиллагааны хувилбар, гүйцэтгэх үүргийг тодотгож, Зэвсэгт хүчний ангиудын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, хүн, хүчний тооцоог нарийвчлан гаргах, цэргийн техникийн бэлэн байдалд хяналт тавих, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн үзлэгийг хийх, энэ чиглэлээр сургалтыг зохион байгуулах, хяналтыг нь өндөржүүлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний дагуу томилгоот бүлгүүдийг тодотгон, үүсэж болзошгүй гамшгийн үед гүйцэтгэх үүргүүд, хариуцах нэгж, гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна.
Энэ талаар “Удирдлагын шуурхай бүлэг”-ийн штабын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.ЭРДЭНЭБАТААС тодрууллаа.
Удирдлагын шуурхай бүлэг энэ цаг үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэхүү бүлэг нь “Онцгой нөхцөл байдал үүссэн үед харилцан ажиллах төлөвлөгөө”-ний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар байгуулагдсан. Байгуулагдсан даруйдаа улс оронд онцгой нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүнийг тодотгохын сацуу Улаанбаатар цэргийн хүрээний болон нийслэл хотын орчимд байрлах Зэвсэгт хүчний ангиудаар хорио цээрийн дэглэмд дэмжлэг үзүүлэх ажиллагааны хувилбарыг боловсруулсан. Дээрээс нь, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудыг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудтай тогтоосон хугацаанд болон шаардлагатай үед цахимаар холбогдох нөхцөлийг нь ханган ажиллаж байна.
Бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисст гурван цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 6 анги, 5 салбарын 14 томилгоот бүлэг, нийт 141 цэргийн алба хаагч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчидтай хамтран эргүүл хийж, хяналтын цэг, шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний техникийн хяналтын албанаас нийт 10 цэргийн алба хаагч Офицеруудын ордон болон Чулуун овооны тойргийн орчимд 06.30-23.00 цагт замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: “Соёмбо” сонин