Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.
АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ “Гашуунсухайт боомтод жолооч нарыг автобусаар нэгдсэн зохион байгуулалттай хил нэвтрүүлж PCR-ийн шинжилгээ өгүүлэхээр БНХАУ-ын талтай тохиролцсон. Үүний үр дүнд амралтын өдрүүдэд хоёр автобусаар 191 жолоочийг хил нэвтрүүлж шинжилгээ өгүүлэх ажлыг зохион байгууллаа. Мөн өнөөдөр 300 жолоочийг хил нэвтрүүлж шинжилгээ өгүүлэхээр тохиролцсон бөгөөд эхний 145 хүнийг хоёр автобусаар гаргахаар бэлэн болоод байна”, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан “БНХАУ-ын талтай өчигдөр 30 тээврийн хэрэгсэл солилцсон. Өнөөдөр 17 тээврийн хэрэгсэл гаргана. Хятадын талд байгаа 60 тээврийн хэрэгслийг хорь, хориор нь гурван удаагийн таталтаар авна” гэж танилцуулав.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Гашуунсухайт боомтод жолооч нарыг хэзээ, хэдийд, хэрхэн шинжилгээнд хамруулах, шинжилгээнд хамрагдсан жолооч нарыг ямар дэс дарааллаар нүүрс тээвэрлэлтэд оруулах гэхчилэн үйл ажиллагаагаа тогтмолжуулах график гаргаж мөрдөх чиглэл өглөө.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ