Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин дэлхий нийтийн өмнө шинэ сорилт болж буй онцгой цаг үед эх орон, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хариуцлагатай үүргийг дааж, удирдаж яваа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарыг “Нэгдүгээр хүн” буландаа урилаа.
-Монгол Улс коронавирусыг 10 сар алдалгүй барьсан. Гэтэл аль хэсэгт сэрэмж алдаж, халдвар хаанаас эхлээд тарав. Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн нөхцөл байдалд бэлтгэж чадав уу гэдэг асуудал байна л даа?
-Хамгийн анх халдварын голомт төмөр зам дагаж үүссэн. Нөгөөх нь “Энхсаран” сувиллаас эхлэлтэй буюу жолооч Д-гээс голомтолж гарсан гэж үзсэн. Анхны эх үүсвэр нь тээврийн жолооч нар, Алтанбулаг боомтоос эхлэлтэй. Энэ хоёр тохиолдлоос цаашаа дэд тохиолдлуудын голомт салбарласан.
Засгийн газар цаг алдалгүй, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүргэснийг олон улсын байгууллагууд үнэлж байгаа. Үүнээс гадна дотоодын мэргэжлийн эрдэмтдийн баг, тухайлбал, МУИС, АШУҮИС, Гамшиг судлалын хүрээлэн зэрэг олон газар нарийвчилсан судалгаанууд хийлээ. Иргэдийн дунд цар тахал тархахаас урьдчилан сэргийлж чадсан гэж судалгаагаар дүгнэсэн. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн салбар, холбогдох байгууллагууд шийдвэртэй алхмуудыг цаг тухай бүрт авч чадсан учраас халдварын тохиолдлыг 10 дахин бууруулсан гэж судлаачид дүгнэж байна. Үүнээс гадна илрүүлэлт, тандалт судалгааны ажлыг эрчимтэй хийснээр халдвар нийтийн дунд буюу цар тахлын хэмжээнд очих байсныг зогсоож чадлаа.
Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсаараа шилжиж, 30 гаруй хоног ард иргэд, аж ахуйн нэгжүүд хатуу хөл хорионы зарчмыг хэрэгжүүллээ. “COVID-19” гарсан өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ноос хойш ийм нөхцөл байдал үүсэж магадгүй гэж цаасан дээр буулгаж, тодорхой арга хэмжээ төлөвлөж, нөөцийг нь бэлдэж, иргэдээ сурган, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийх зэргээр шат дараатай арга хэмжээ авч байсны хүчинд нүүр тулаад ирэхэд цаг алдахгүй, шуурхай арга хэмжээ авах, хэрэгжүүлэх боломжууд бүрдсэн байсан. Хоёрдугаарт, дэлхийд Монгол Улс, COVID-19-өөс урьдчилан сэргийлж, хориглон хамгаалан, дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаа бидэнд бэлэн байдлаа хангах, нөөцөө бүрдүүлэх, дэлхий нийтэд авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай шийдвэрүүд гаргах, улс орнуудын алдаж, онож байгаа сайн туршлагуудыг бэлэн авч ашиглах боломжийг бүрдүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаа биднийг хэрхэн бэлэн байдалд байв, ямар үр дүн авчрав гэдгийг харуулсан. Тухайлбал, халдвар авсан иргэнийг QR код ашиглан хөдөлгөөнийг хянахын зэрэгцээ иргэдэд зөв мэдээлэл хүргэх, ялангуяа халдвар авсан хүнтэй ямар нэгэн орчинд хамт байсныг урьдчилан мэдээлэх системийг дэлхийн 40 гаруй улс оронд ашиглаж байна. Монгол Улс и-баримт дата баазад тулгуурлан үүнийг хөгжүүлэн, QR.119.MN гэсэн цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн.
-Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дотоодын тохиолдол тогтворжиж, цурманд оруулсан гэж тооцоолж байгаа.
-Хөл хориог сулруулж эхэлж байгаа нь халдварын тархалтыг бүрэн хумьсан гэж үзсэн үү. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг бүрэн тооцоолсон уу?
-Дотоодод халдвар анх бүртгэгдсэнээс хойшхи сар гаруй хугацаанд графикаар авч үзвэл арваннэгдүгээр сарын 23, 24-нд халдварын тоо хамгийн өндөр буюу 20-30 хүрсэн. Харин сүүлийн өдрүүдэд тогтворжиж байна. Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн сайдын дэргэд мэргэжлийн зөвлөлүүд, ХӨСҮТ-д тархвар судлалын мэргэжлийн баг ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дотоодын тохиолдол тогтворжиж, цурманд оруулсан гэж тооцоолж байгаа. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 8000 гаруй, дам хавьтлын 40 мянган хүнийг давтан шинжилгээнд хамруулж, тусгаарлан эмчилж байна. Нөхцөл байдал харьцангуй тогтворжих хандлагатай байгаа ч цаашид хэрхэхийг тааварлахад хүнд, хэлэхэд ч хэцүү. Магадгүй дахиад дотроо дэлгэрэх, цаашдаа бүр хүнд нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Хамгийн хүнд цар тахлын хэмжээнд нийтийн дунд дэлгэрвэл, одоогийнх шиг голомтлон буюу кластерлан тархвал яах вэ. Эсвэл дотоодын халдвараа бүрэн барьж, нэмж илрэхгүй байх ямар боломж байна гээд 3-4 хувилбараар Улсын онцгой комисс хариу арга хэмжээ, төлөвлөлүүдээ хийж байна. Хөл хориог үе шаттайгаар сулруулах арга хэмжээг үндсэндээ гурав хувааж авсан.
Өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа салбаруудыг үлдээж, энэ сарын 24-ний өдрөөс дахин 8-9 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Он гараад өвчний тархалт, нөхцөл байдалтай уялдуулан үлдсэн зарим салбарыг ажиллуулахаар тооцоолсон.Халдварын тархалт тогтворжиж байгаа учраас хөл хориог сулруулж байгаа ч иргэд, аж ахуй нэгжүүдийн хариуцлагад түшиглэсэн тактик барих шаардлага гарч байна. Нэг талаар төрийн, нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгж гэсэн тулгын гурван чулуу шиг хариуцлагын тогтолцоонд тулгуурлаж байж энэ өвчний ард гарна. Монголчууд “COVID-19” гэдэг энэ “дайсан”-тай хамтдаа нэг зорилго, сэтгэл зүрхтэй байж тэмцэж, хохирол багатай даван туулна.
-Цаасан дээрх төлөвлөгөөг хөрсөнд буулгахад саад бэрхшээл юу байв. Үнэнийг хэлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эргэж буцсан шийдвэрээс болж нийтээрээ багагүй бухимдлаа?
-Ерөнхий бодлого, стратегийн тактикийн хувьд том алдаа гараагүй. Гэхдээ хэрэгжилтийн шатанд хүний хүчин зүйлээс хамаарсан алдаа гарсан нь үнэн. Үүнийхээ төлөө Засгийн газар уучлалт хүссэн. Энд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, хил гааль гээд төрийн нэрийн өмнөөс 10 мянга гаруй хүн анхан болон дунд шатанд ажилласан. Тэдний харилцаа, хандлагаас шалтгаалсан, уялдаа холбоогүй, үл ойлголцсон, харилцан мэдээлэл дутмаг байсан зэргээс ажлын хариуцлага алдсан зүйлүүд ч байгаа. Богино хугацаанд голомтыг хумихын тулд өвчлөл гарсан аймаг, сумдын хүн ам бүрэн шинжилгээнд хамруулж, дам хавьтлыг тогтоож байна. Ер нь экспортод чиглэсэн аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтад авах, эрсдэлгүй, эрүүл бүс болгон зарлах, өндөржүүлсэн хамгаалалтад авах, өмнөд бүсийн тээврийн жолооч нар, уурхайн үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамруулах, тэр бүс рүү хийх хөдөлгөөн хязгаарлах, хүчитгэсэн хамгаалалт гаргах зэргээр улсын хэмжээнд уул уурхайн 23 компанийн үйл ажиллагааг хэвийн хангахын зэрэгцээ халдвар хамгааллын онцгой дэглэм тогтоолоо.
Сайн дурын 18, орон нутгийн иргэдийн шинжилгээ авах 20, Улаанбаатарын өрхийн эмнэлгүүдээр дамжуулан шинжилгээ авах 100 гаруй цэг байгуулж 60 гаруй мянган хүнээс тандан судалгаа авсан. Үүний дараа хамгийн эрсдэлтэй дүүрэг, хороог хамруулан өрх, Улаанбаатараас хөдөө, орон нутгийг зорих 70 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан.Үүгээр дамжуулан эрт илрүүлэлт, тандан судалгаагаар нийт өвчлөлийн зураглалыг гаргаж улсын хэмжээнд 600 орчим мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Салбар хоорондын зохион байгуулалтын ажлыг хангах чиглэлээр олон ажил хийсний нэг нь хүнсний хангамж, тээвэр зохицуулалт, эрчим хүч, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол болон төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх эмзэг бүлгийн иргэд рүү илүүтэй анхаарал хандуулж 20 орчим ажлын хэсэг байгуулж, хяналт, шалгалт хийх, зарим үед асуудлыг газар дээр нь удирдах, шуурхай удирдлагаар хангалаа.
-Тусгаарлах байртай холбоотойгоор эрх ашгийн зөрчил үүссэн, халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудал бий. Үнэн, мөн нь тодрох байх.
-Өдөрт хэдэн хүнд шинжилгээ хийх нөөц боломж байгаа вэ. Ялангуяа, эрүүл мэндийн салбарыг том зургаар нь харвал?
-Дараагийн бэлтгэл ажил, нөөц боломжуудад анхаарч ажилласан. Улаанбаатарт 9000 ор дэлгэх боломж бүрэн нээгдсэн. Энэ дагуу Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 300, Цэргийн төв эмнэлэгт 500 ор дэлгэж, хөнгөн болон хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. Ойр дам хавьтлуудыг тусгаарлах байрууд болон гэрийн ажиглалтад байлгаж байгаа. Түүнчлэн лабораторын хүчин чадлын нэмэгдүүлэхийн тулд энэ сардаа багтаж PCR-ийн 20 орчим аппарат оруулж ирэхээр болж байна. Цаашид өдөртөө 100 мянган хүнд шинжилгээ хийх хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа. 21 аймаг, есөн дүүрэг, хилийн томоохон боомтуудад ч PCR шинжилгээ авдаг болохоор зорьж байна. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, тэр дундаа голомтонд ажиллаж буй алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд сард нэг удаа 800 мянган төгрөгийн урамшуулал олгоод байна. Тодорхой салбар, аймгуудын тусгаарлах байр болон бусад холбогдох зардлын дэмжлэг үзүүллээ. Мөн нийгэм, эдийн засагтай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн хавраас хойш долоон багц буюу 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Үүнээс гадна УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Мөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлуулаад байна. “COVID-19”-тэй холбоотой зарим зээл, тусламжийн гэрээнүүдийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Ингээд багцаар нь харвал, нийгэм, эдийн засаг руу чиглэсэн татварын хөнгөлөлтүүд үзүүлэх зэргээр УИХ, ҮАБЗ, Засгийн газар төрийн бүх шатанд зохих шийдвэрүүд гаргаж байгаа. Эргээд төрдөө итгэх итгэлийг сайжруулж, өвчний эсрэг хамтдаа тэмцэх боломж бүрдүүлэхэд онцгойлон анхаарсан.
-Орон нутгийн иргэдийг хотоос гаргах үеэр багагүй хэл ам үүсэж, хүндрэл, чирэгдэл учирсан. Техникийн асуудал бүрэн шийдэгдсэн үү?
-Хөдөө явах иргэдтэй холбоотойгоор хэд хэдэн асуудал үүссэн нь үнэн. Өнөөдрийн байдлаар 119.mn цахим хуудсанд 118 мянга гаруй иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 93 хувь нь PCR шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээ өгсөн иргэдийн 47.8 хувь нь хөдөө, орон нутаг руу буцсан ч 50 хувь нь явж чадаагүй.
Мэдээлэл, технологийн боломжийн компанийн туршлагад үндэслэн 119.mn цахим хуудсыг гуравдугаар сараас хойш хөгжүүлж, салбарын дотоод мэдээлэл солилцох зорилгоор ашиглаж орон нутаг руу буцах иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр бүртгэхэд ашигласан юм. Ажлын хэсэг туршиж үзсэн л дээ. Анхны бүртгэлээр 30 гаруй мянган иргэн Улаанбаатараас явах, 10 мянга гаруй иргэн нийслэл рүү ирэх төлөвлөгөөтэй байсан. Албан ёсоор бүртгэл эхэлсэн арваннэгдүгээр сарын 27, 28-нд нэг өдөрт хандалт 70-100 мянгад хүрснээс цахим хуудас гацаж эхэлсэн. Улмаар бүртгэлийг гар ажиллагаанд шилжүүлж, үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч зохион байгуулахад хүрсэн. Программын саатлаас болж иргэдийн шинжилгээ цагтаа гараагүй, хамрагдаж чадаагүй, мэдээллээ дутуу авах зэрэг алдаа гарсан. Үүнийг шийдвэрлэхээр шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ажил жигдэрлээ. Одоогоор өдөрт 20-30 хүн л шинжилгээ өгөхөөр ирж байгаа учраас шинжилгээ авах цэгүүдийг буулгаж хуучин ажиллаж байсан сайн дурын 18 цэг болон зарим өрхийн эмнэлэгт шинжилгээ авч байна. Халдвар гараагүй бүсээс ирж байгаа иргэдээс асуумж авах байдлаар нэвтрүүлж эхэллээ. Голомтод байгаа хүмүүс аймаг, сум руу орохдоо заавал PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байж хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлагыг нэг хэсэгтээ тавих байх. Хөл хорио сулрууллаа гээд бүрэн чөлөөтэй явж болохгүй, тийм зүйл ч байхгүй. Эрсдэлээ тооцож, Эрүүл мэндийн яамнаас ирсэн зөвлөмжөө хариуцлагатай мөрдөх хэрэгтэй.
– Тусгаарлах байр, онцолбол, “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэргээр хариуцлага нэхэх зүйлс ч байна ?
-“COVID-19” гарсан цагаас 100 орчим удаагийн тусгай үүргийн нислэгээр 27187 иргэнээ татан авчээ. Энэ сарын 15-наас тусгай үүргийн нислэгийг сэргээж эхний ээлжид Франкфурт, Токио, Сөүл чиглэлд ниснэ.
Ер нь тусгаарлах байр болон зохион байгуулалтын ажил амаргүй байлаа. Үүнийг дагаад халдвар хамгааллын дэглэм алдагдсан. УОК-ын даргын хувиар есдүгээр сард зарим тусгаарлах байранд биеэр шалгалт хийж, тодорхой газруудын үйл ажиллагааг зогсоосон. Зарим ААН өөрийн хүсэлтээр татгалзсанаар 100 гаруй тусгаарлах байрнаас аравдугаар сард 70 гаруй нь л үлдсэн. “Энхсаран” өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд тусгаарлах байрны шаардлага хангасан хэмээн сонгосон эхний таван байрны нэг юм билээ. Харуул хамгаалалтыг нь наймдугаар сард өөрчилсөн ч хэд хэдэн шалгалтуудын хүрээнд үлдээд байсан. Ингээд арваннэгдүгээр сарын эхээр “Энхсаран” сувилалд байгаа иргэдээс ирсэн гомдол, тухайн үед УОК-ын Шуурхай штабаас хийсэн шалгалтыг үндэслэн удирдлагад нь сувиллын үйл ажиллагааг хаах мэдэгдэл өгсөн. Үүнтэй давхцаад тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас голомтлон халдвар тархсан. УОК-ын даргын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж, шалгаж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд, одоогийн байдлаар 10 гаруй хүн холбогдон шалгагдаж байна. Энд эрх ашгийн зөрчил үүссэн, халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудал бий. Үнэн, мөн нь тодрох байх.
Тусгаарлах байруудад дахин мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулан байгуулсан. Тусгаарлах байранд тавих түр журмыг өөрчилж дахин нэг бүрчлэн шалгаад, байр болгонд коридорыг нь хянах камер, хөдөлгөөн илэрвэл зарлан мэдээллэх шугам, нэг өрөөнд нэг хүн, нэг өрх гэсэн зарчмыг баримтлан хоол хүнс, халдвар хамгааллын дэглэмийг чанга мөрдөх шаардлагыг хатуу тавьж байна. Шалгалтын дагуу эхний 32 байрыг ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргаад байна. Үүнд 2000 орчим иргэнийг хүлээж авах боломж бүрдлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тусгаарлах байруудад ойр дам хавьтлын хүмүүсийг байрлуулж байсан учраас гадаадаас иргэдээ татан авах ажлыг нэг сар гаруйн хугацаатай зогсоосон байсан.
-Лабораторийн хүчин чадлын нэмэгдүүлэхийн тулд энэ сардаа багтаж PCR-ийн 20 орчим аппарат оруулж ирж, өдөртөө 100 мянган хүнд шинжилгээ хийх хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа.
-Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин болоод байна. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Хүн төрөлхтөн “COVID-19” цар тахалтай нүүр тулснаас хойш дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болж байна. Үүнд бүх нийтийн вакцинжуулалт хамгийн чухал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. Энэ дагуу дэлхий даяар 200 гаруй төрлийн вакцин хөгжүүлж байгаагаас 10 нь сүүлийн шатны туршилтанд орж, зарим нь үндэснийхээ бүртгэлд бүртгүүлж эхлээд байна. Жишээлбэл, ОХУ, БНХАУ, Англи, Америк тус бүр нэг, Америк, Германы хамтарсан нэг буюу нийт зургаан вакциныг үндэснийхээ бүртгэлд бүртгүүлэх ажлууд хийж байгаа ч ДЭМБ-д бүртгэгдсэн вакцин одоогоор алга. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр вакцин бүртгүүлэх, вакцинжуулах ажил 2021 оны гуравдугаар улиралд хийгдэнэ гэж тооцож байсан бол хугацаа наашилсан таатай мэдээг өгч байна. ДЭМБ санаачлаад, олон улсын гол байгууллагууд оролцсон, вакцины COVAX механизм бий болгосон. Үүнд Монгол Улс долдугаар сарын 16-нд нэгдсэнээр 184 орны нэг боллоо. Ядуу, баянаас эс хамааран дэлхийн хүн амын 20 хувийг жигд вакцинжуулах зорилт дэвшүүлсэн юм билээ. Манай улс ч COVAX механизмын хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах шугамаар нэн хөнгөлөлттэй буюу үнэгүй вакцин авах боломж нөхцөл бүрдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ хүрээнд 660 мянган хүнийг вакцинжуулах сая гаруй тун вакцин ирэх байх. 18 нас хүртэлх хүүхдийг вакцинжуулах заалт одоогоор бүртгэгдээгүй учраас бид 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй. Цаана нь 1.4 сая иргэнээ вакцинжуулах шаардлага гарч байна. Үүнийг хоёр тунгаар үзвэл гурван сая тун вакцин хэрэгтэй. Ерөнхий сайдын захирамжаар вакцинжуулалт, вакциныг Монгол Улсад нийлүүлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Сангийн сайд ахалж байна. Шууд үйлдвэрлэгчидтэй цахим хурал хийх, мэдээлэл солилцох, үйлдвэрлэгчтэй тулж ажиллахаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд COVAX механизм, шууд үйлдвэрлэгч орон, хоёр хөрш улстай вакцины талаар мэдээлэл солилцох, нийлүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Вакцинжуулалтын хөтөлбөрийг бэлэн болгож удахгүй батална. Голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудаасаа эхлээд өндөр настан, ахмадууд, хамгийн эрсдэлт бүлэгт орж байгаа суурь өвчтэй хүмүүс гэх мэтээр 10 үечлэлд хуваана. Хасах 70 градуст хадгалахаас авахуулаад зарим вакцинд тусгай шаардлагууд тавигдаж байгаа. Монгол Улс сайн дурын вакцинжуулалтын хуультай, үндэсний систем, тогтолцоотой. Тиймээс ч , вакцинжуулалтыг харьцангуй өндөр хувьтай явуулдаг орны тоонд ордог. Энэ хэрээр манай эрүүл мэндийн, вакцинжуулалтын систем, дэд бүтэц нь харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Тэр утгаараа бид олон улстай идэвхтэй ажилласны дүнд харьцангуй эхэн үед вакцинжуулалтад хамрагдах орны тоонд ороод явж байна.
-Манай улс COVAX механизмын хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах шугамаар нэн хөнгөлөлттэй буюу үнэгүй вакцин авах боломж нөхцөл бүрдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн орлого дэмжих шийдвэрүүдийг шат дараатай гаргаж байна. Цаашид энэ мэт шийдвэрүүд гарах уу?
“COVID-19”-ын хамгийн хүндрэлтэй асуудал бол хоёр юмны хайчин галд УОК, Засгийн газар ажиллаж байгаа юм. Нэг талаасаа өвчин, халдварыг хумих, эрсдэл багатай даван туулах. Нөгөө талдаа хатуу хөл хорио, хүн бөөгнөрөхгүй байх үйл явдал нь эдийн засгаа боомилж маш хүнд байдалд оруулж байгаа юм. Монгол Улсын хувьд ч гэсэн төсвийн гүйцэтгэл өндөр алдагдалтай, эдийн засаг ч хасах гарах хандлагатай амаргүй байна. Тиймээс бид экспорт руу чиглэсэн мөчлөг сөрсөн бодлогыг илүү баримталж ажиллахыг хичээж байна. Нэг ёсны “COVID-19”- өөс хамаарсан эдийн засгийн уналт бол V хэлбэр буюу огцом унаж огцом сэргэх хандлага байна гэж олон улсын байгууллагууд дүгнэж үзэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрүүд иргэн ААН-үүдийн өдөр тутмын амьдралд зарцуулагдаж байгаа зардлыг хэмнэсэн. Иргэдэд шууд бэлэн мөнгө тараах нь нэг талдаа бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нөгөө талдаа ийм чадавх төрд байхгүй, төсөв хүндрэлтэй байна. Тийм учраас иргэн бүрт тэгш хүрэх, аж ахуйн нэгжүүддээ очих, хүртээмжтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй арга хэмжээг өөрсдийн нөөц, боломжид суурилан авах ёстой гэсэн хатуу байр сууринаас энэ шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэнд, амь нас, хоёрдугаарт, амьжиргаа, эдийн засгийн хохирол багатай туулах зорилтын хүрээнд дээрх шийдвэрүүдийг гаргалаа. Ер нь цаашид томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдэж байж эдийн засгаа эргэж сэргээх бодлого гаргаж зоригтой шийдвэрлэж байж, ирэх онд хэвийн байдалд орно. Нөхцөл байдал яг одоогийнх шиг тогтвортой байвал аль болох бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барина. Эсрэгээрээ нөхцөл байдал хүндэрвэл дахин хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Үүний тулд иргэн бүр аж ахуйн нэгж болгон өндөр хариуцлагатай байж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн маскаа зүүх, зайгаа барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх гэсэн энгийн энэ дэглэмүүдээ мөрдөж чадвал коронавирусын халдварыг Монголдоо цар тахлын хэмжээнд хүргэчихгүй хохирол багатай даван туулах боломж бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.12.15 МЯГМАР № 239 (6464)