Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдсэн байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажлуулж байна. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажиллаж буй 741 резидент эмчид 380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг, шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмч нарт зохих урамшуулалыг олгохоор болсон. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ирэх оны буюу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгчээ. Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Түүнчлэн НДШ-ийг тасралтгүй төлөөд явах боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь резидент эмч нарын хувьд тэтгэмжтэй суралцаж байгаа гээд 240 мянган төгрөгийг авч, НДШ төлдөггүй байсан юм. Резидент эмч нар тогтмол цалинтай болсноор сургалтын болон тухайн эмчийн нийгмийн байдал сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэхэд нэг том алхам болох юм. Эрүүл мэндийн яам, ЭМХТ-өөс “Резидент эмчдээ баярлалаа” талархлын аянг эхлүүлж, тэднийг тогтмол цалин урамшуулалтай болгох асуудлыг ирэх оны төсөвт суулгасан юм.
Резидент эмч нарын хувьд өнөөдрийг хүртэл 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч хэд, хэд байгаа билээ.
Мөн нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд 250 резидент эмч дайчлагдан ажиллаж, тухайн товчоодоор дамжин өнгөрсөн 500 гаруй мянган иргэдийн халууныг үзэж, тархвар зүйн судалгаа авах ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн дотоодын халдвар гарснаас хойш халдварын хавьтал, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хөдөө орон нутагтаа буцах иргэд, оюутнаас шинжилгээ авах ажилд оролцож, халдварын тархалтыг хумихад дайчлагдан ажилласаар байна. Сэлэнгэ аймгийн иргэдээс “Нэг өрх-Нэг хүн” шинжилгээ авах ажилд ч манай Резидент эмч нар сайн дураараа явж шинжилгээ аваад ирсэн бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гараад байна.
ЭМХТ-өөс резидент эмч нараа хамгаалах хувцас, хэрэгслээр тасралтгүй ханган, энэ сарын 01-ний байдлаар 700 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл олгож, дархлаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг олгоод байна. ЭМХТ-өөс эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй резидент эмч нарыг урамшуулан “Биднийг эх орон дуудсан” аяныг санаачлан хэрэгжүүлж нийгмийн сүлжээгээр түгээн алдаршуулж байна. Эх орныхоо дуудлагаар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж буй резидент эмч нараа дэмжин ажиллах бодлогын ажлуудыг ирэх онд мөн тусгаж өгчээ.
Цар тахлыг бид ХАМТДАА ДАВНА.