Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.
Дээрх аймгуудын 40 мянган малчдын нэг өрхөд 300 мянган төгрөгийн тэжээлээр хангахаар боллоо. Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм.
Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр боллоо.