Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.
Энэ нь Монгол улсын гадаад харилцааны нэр хүнд өсч буйн том үр дүн бөгөөд Польш улстай худалдаа эдийн засгийн харилцаа нэмэгдэж буйтай холбоотой юм. Польш улсын зээл тусламжаар 5 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмж авах, онцгой байдалд машин техник авах зэрэг яриа хэлэлцээ хийгдэж байна. Энэ үед элчин сайдын яам байгуулагдсан нь томоохон алхам бөгөөд Монгол улсын гадаад харилцааны яам анхаарч ажилласан тул ийнхүү шийдвэр нь гарчээ. Цар тахал гээд улс орнууд элчин сайдын яамаа цөөлж байхад Монгол улсад нэмэгдэж буй нь улсын нэр хүнд, гадаад бодлогын чадамж өсч буйн үзүүлэлт юм. Польш улс нь Европын холбооны гишүүн орон бөгөөд Монгол улс Европын холбоотой харилцаагаа улам зузаатгахад дээрх шийдвэр бас нөлөөтэй.