Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19 халдварын шинэ голомтоор бүртгэгдсэн тул иргэдийг сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулав. Цар тахал дотоодод батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнээс халдвар авсан нь түгээмэл байгаа тул хүн бүр эрүүл ахуйн дэглэмийг мөрдөхийг зөвлөлөө. Мөн ахмад настнуудыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.САНДАГСҮРЭН:
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрч, шинэ голомт гарсан. Энэ нь зөвхөн нэг хэсэг хүмүүс, тус эмнэлэгтэй холбоотой асуудал мэт хандаж болохгүй. Нэгдсэн эмнэлэг халдварын шинэ голомт болсон нь нийслэлийн хэмжээнд хүн бүрт хамаатай асуудал болоод байна. Учир нь тус эмнэлгээр олон хүн үйлчлүүлсэн тул эрсдэл маш их юм. Иймд хүн бүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулъя. Онцын шаардлагагүй бол олон хүн цугласан газар зорчихоос эрс татгалзаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.ТӨМӨРБААТАР:
-Дүүргийн эмнэлэгт халдвар гарсан ч Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хаанаас авах вэ гэдэгт санаа зоволтгүй, бид зохицуулалт хийж байна. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш Нийслэлийн онцгой комиссоос одоогийн байдлаар давхардсан тоогоор 250 мянган иргэнд шинжилгээ хийсэн. Үүний дийлэнх нь PCR шинжилгээ байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр иргэд хөдөлгөөнд ороод эхэллээ. Халдварын эрсдэл өндөр үед гадуур их явах нь сайн зүйл биш. Манай улс хөл хөдөлгөөнийг хязгаарласнаар халдварын голомтыг бариад байсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Дам хавьтал болох 1000 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Өнөөдөр, маргаашдаа дам хавьтлуудаас шинжилгээ авч дуусгана. Иргэд хөдөлгөөнөө багасгаж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй.