Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЭМ-ийн сайд Т. Мөнхсайхан “12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдлаа.
Халдвар авсан иргэдийн найм нь арванхоёрдугаар сарын 8-16 хооронд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан иргэд байгаа юм. Харин 12 нь эрүүл мэндийн ажилтан, сахиур 6 хүнээс халдвар тус тус илэрсэн байна. Харин халдвартай иргэдийн гэр бүлийн дундаас илэрсэн 9 иргэн байна. Иймд бид цаашдаа Баянзүрх дүүргийн эмнэлгийн халдварын голомт яг хаанаас эхлэлтэй вэ, халдвар цаашаа хэрхэн яаж тархсаныг судалж байна. Тус эмнэлгийн орчинд бариа засал, физик эмчилгээ гэх мэт уламжлалт эмчилгээнүүдийг хийдэг. Энэ бүх байдлаас болж эмнэлгийн дотор халдвар тархсан. Иймд өвчилсөн хүний тоо нэлээдгүй их байх нь өнгөрсөн хоёр хоногт илэрч байгаа иргэдийн тооноос харагдаж байна.
Халдвар аваагүй хүүхдүүд болон том хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт нийт 248 үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаад байна.”гэж мэдэгдлээ.