ХЭҮК: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд шаардлага хүргүүллээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Шаардлага, Зөвлөмж явууллаа. Уг шаардлагыг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байна.

Шаардлага

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд

Комисст Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “…Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчигдөж байна” гэх гомдлын мөрөөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авахуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Шаардлагыг хүргүүлж байна.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хуулиар хамгаалуулах эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах …эрхтэй”, мөн зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, 17 дахь заалтад “…Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заажээ.

МҮОНРТ-ийн төв байранд эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 124 ширхэг хяналтын камерыг байрлуулсан бөгөөд албан тасалгаанд 11 ширхэг, студид 27 ширхэг камер ажиллаж байна. Үүний зэрэгцээ, 2020 оны 5 дугаар сард MN студийн 1, 2 дугаар сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд, 150 студид, Нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн болон нэгдсэн зөвлөлийн өрөөнд, Монголын мэдээ сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд тус бүр нэг нийт 6 ширхэг “Hikvision брендийн DS-2CD2143G0-IU” загварын дүрс, дуу бичих зориулалттай камерыг байрлуулжээ. Шинээр байрлуулсан эдгээр камерыг мөн эд хөрөнгө хамгаалах зорилготой гэх боловч энэ зорилгыг биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай эсэх нь эргэлзээтэй байна. Харин эдгээр нэмэлт камерууд ажилтнуудын хувийн халдашгүй чөлөөтэй байх, захидал харилцааны нууц, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөх, бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг бусдад ил болгох, урвуулан ашиглаж болзошгүй зэрэг тавгүй байдал үүсгэж байгаа нь ажилтнуудтай хийсэн ярилцлага, ирүүлсэн мэдээлэлд авагджээ.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны А/107 дугаар тушаалаар “Хяналтын камерын систем ашиглалтын журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын 5.2.5-д “оператор-харуулчин нь хяналтын системийн техник, хэрэгслийг ашигласан тохиолдол бүрт тэмдэглэл хөтлөх үүрэгтэй.” гэж заажээ. Гэвч бодит байдал дээр энэ бүртгэл хөтлөгдөхгүй байгаа нь хувь хүний халдашгүй байдал, хувийн нууц хамгаалагдахгүй байх эрсдэлийг үүсгэж байна.

МҮОНРТ-ын төв байранд байрлуулсан камеруудын зориулалт, ашиглалтыг хянан үзэж, эд хөрөнгө хамгаалах, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гарцаагүй шаардлагатайгаас бусад камерыг буулгаж, халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх эрхийг хангах; камерт авагдсан мэдээллийн нууцыг хамгаалах журам, журмын хэрэгжилтийг сайжруулах.

МҮОНРТ-ийн ажилтнуудын цалингаас албадан суутгал хийх, хуульд заагаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “…хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах..” эрх зөрчигдөх нөхцөлийг үүсгэжээ. Тухайлбал, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутад МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газраас ажилтнуудын “MNB клуб” гэх фэйсбүүкийн хаалттай группт “…гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх нь тухайн ажилтныг 2020-09-04-ний өдрөөс эхлэн ажлын байранд нэвтрүүлэх, ажилтныг Хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх үндэслэл болно” гэх зарыг байршуулж, улмаар зарим ажилтнууд “Монгол даатгал” ХХК-ын гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байна. Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, мөн зүйлийн 6.5 дахь хэсэгт “Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж заасны дагуу 2018 онд “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг батлах тухай 207 дугаар тогтоол гаргаж, гэнэтийн осол, эмчилгээний даатгалыг сайн дурын даатгалд хамруулжээ.

Сайн дурын даатгал хамрагдаагүй нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг зарласан хууль бус үйлдэл, ажилтнуудад аливаа бусад хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх явдлыг таслах зогсоож, хууль зөрчиж хамруулсан даатгалын хураамжийг буцаан олгох;

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтад “ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан”, мөн зүйлийн 63.1.2 дахь заалтад “хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд” ажилтны цалин хөлснөөс суутгал хийж болохоор зохицуулжээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар Улсын онцгой комисст өгөх хандивын мөнгийг ажилтан тус бүрээс 30,000 төгрөг байхаар тогтоож, тухайн мөнгийг ажилтнуудын цалингаас шууд суутгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт “…Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэсэн хүний өмчлөх эрхийг зөрчсөн байна.

Хуульд зааснаас бусад үндэслэлээр ажилтны цалин хөлснөөс суутгал хийх явдлыг таслан зогсоох; тухайн ажилтны цалингаас үндэслэлгүйгээр суутгасан мөнгийг буцаан олгох;

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, мөн зүйлийн 8.4 дэх хэсэгт “Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого энэ хуульд нийцэж байгаа эсэхэд олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хяналт тавина.”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтад Үндэсний зөвлөл “олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхтэй гэж заажээ.

Ажилтнуудтай хийсэн ярилцлагад “…удирдлагын зүгээс нийгэм, эдийн засаг, бодлогын редакц, түүний продюсер, редактор, сурвалжлагчийн хараат бус байдалд нөлөөлдөг, бэлтгээд түгээхэд бэлэн болсон нэвтрүүлгийг гаргадаггүй, агуулгыг өөрчлөхийг шаарддаг гэжээ. Тухайлбал, 2018 оны 5 дугаар сард “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны шугамаар бэлтгэх ажлаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллах явцдаа гуч орчим минутын “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлэг бэлтгэж, Тэсийн голын эх дээр “Э” компани кэмп байгуулж, газрыг ухах гэж байна гэсэн нэвтрүүлэгийг удирдлагын зүгээс удаа дараа нөлөөлснөөр зарим хэсгийг хасуулжээ.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл “…хүний мэдээлэл хүлээн авах эрх..”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт “…үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх…”, мөн зүйлийн 17 дахь заалт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан үйлдэл юм.

Иймд Үндэсний зөвлөл хуульд заасны дагуу олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогод тавих хяналтаа сайжруулж, МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс тус байгууллагын сурвалжлагч, редакцийн хараат бус байдалд нөлөөлөх явдлыг таслан зогсоож, иргэдийн мэдэх эрхийг хангах;

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны А/173 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журамд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх хэсэгт “ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг заавал тусгах” гэснийг хэрэгжүүлээгүй байх тул дотоод журамд энэ талаар тусгах;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.2 дахь заалтад “бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалтад “тухайн салбар, …жендэрийн сургалт, гэгээрлийн ажил явуулах” гэж тус тус заажээ. Шалгалтын явцад тус байгууллага бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөргүй, ажилтнуудыг сургалт, гэгээрлийн үйл ажиллагаанд огт хамруулаагүй нь тогтоогдсон. Тухайлбал, ажилтнуудаас авсан санал асуулгаар хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаггүй гэж судалгаанд оролцогчдын 208 буюу 90.1 хувь нь хариулжээ.

Иймд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан үүргээ биелүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

Хувийг гомдол гаргагчид.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ГИШҮҮН Б.ЭНХБОЛДМҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ХЭҮК-оос хүргүүлсэн Шаардлага

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …