Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн идэвхтэй тандалтыг өргөжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийж буй ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шинээр НЭМҮТ-д зорилтот бүлэгт тандалт хийх лабораторийг байгууллаа. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газар, банк санхүү, эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагууд, цэргийн анги, асрамжийн газар, хорих анги зэрэгт тандалтын судалгааг төлөвлөлтийн дагуу тасралтгүй хийх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эдгээр лабораторийг түшиглэн хийх тандалт өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод хөл хорионы үед үйл ажиллагаа явуулж буй дээрх аж ахуй нэгжийн ажилчдыг хуваарийн дагуу шинжилгээнд хамруулан тандалт хийнэ.
Түүнчлэн хилийн боомтууд бүхий аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинжилгээний лаборатори байгуулах ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна.
Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Архангай, Баян-өлгий, Өмнөговь аймгуудад Молекул биологийн буюу PCR шинжилгээ хийх лаборатори эх үүсвэр хөрөнгийг шийдэж бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөн Монгол Улсад томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын цэг үндэсний хэмжээнд 150 байдгийг өргөжүүлэн 170 болгон, энэ тогтолцооны хүрээнд Ковид-19-ыг тандаж эхэлсэн. Улаанбаатар хотод өмнөх цэгүүд дээр нэмж 20 цэгийг шинээр байгуулсан. Баянзүрх дүүргийн 70 мянган хүн амыг шинжилгээнд хамруулах ажил эхлэн одоогоор 6000 иргэнийг хамруулаад байна. Нийслэл болон орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406,075 иргэн шинжилгээнд хамруулсан явж байна.
Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэнг халдварт өртөхөөс сэргийлэхийн тулд ажлын байран дах эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах, хяналтыг өндөржүүлэх, давтан сургалт явуулах, ажлын зохицуулалт хийх зэрэгт онцгойлон анхаарч байна.
Түүнчлэн эмнэлэг халдвар гаднаас орох, дотроо тархах, гадагшаа халдвар тархахаас сэргийлэхэд чиглэсэн зөвлөмж, зааврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж хамтран ажиллаж байна” хэмээн мэдээллээ.