Монгол, Хятадын ГХЯ-дын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу улс төрийн газрууд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус ахлан оролцов.
Талууд зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хятадын харилцааны 2020 оны хөгжлийн явцыг дүгнэж, ирэх онд зохион байгуулах томоохон арга хэмжээ, харилцааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.
Хоёр улс “Ковид-19 цар” тахлын амаргүй нөхцөл байдалд ч харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээж, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ирэх онд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Ногоон гарц”-ын түр журмыг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх замаар томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцыг түргэтгэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.