ХӨСҮТ: Улсын хэмжээнд 14035 хүн шинжилгээ хийхэд 38 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 14035 хүн шинжилгээ хийхэд 38 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлоос 36 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтоос илэрсэн. /Cувилагч хоёр, үйлчлэгч нэг, өвчтөн зургаа, сахиур дөрөв, гэр бүлийн хавьтал 17, бусад хоёр хүнээс коронавирус илэрсэн байна/. Тус голомтод ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь давтан шинжилгээнээс 15 хүнээс коронавирус илэрсэн. Харин халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн хамааралтай 127 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс коронавирус илэрсэн.

ХСҮТ-ийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагчаас коронавирус илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг эмч, ажилтан халдварт өртсөн байна. Арванхоёрдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 376 болсон байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолооч хийдэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хүн хамгийн сүүлд ажилдаа арванхоёрдугаар сарын 24-нд очсон. Гэр бүлийнх нь хүн коронавирусийн халдвараар өвчилсөн учраас тухайн жолооч ойрын хавьтал байсан.

Автобусны жолоочийн ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтлын 80 хүнээс шинжилгээ авсан. Арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд тухайн автобусаар үйлчлүүлж байсан иргэд шинжилгээ өгөх шаардлагатай.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан халдварт өртсөн. Энэ хүн бол гэр бүлийнх нь хүн халдвартай байсан учир ойрын хавьтал гэж тусгаарлагдсан байсан. Арванхоёрдугаар сарын 21-нд хоёр дахь хавьтал гэж үзэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед ажилтнуудын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өргөжүүлсэн байдлаар цагдаагийн хэлтсийн 254 хүнээс шинжилгээ авч байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1175 болсноос 745 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 420 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 77, хөнгөн 334 хүн эмчлэгдэж байна ”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …