УОК-ын нэр барьж маазарсан олны танил эрхмүүдийн бичлэг цахим орчинд нилээдгүй шуугиан тарьсан. Тэгвэл уг бичлэгийг хийсэн хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулна хэмээн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ.
Тэрээр “Олон нийтийн сүлжээнд марзан хошин бичлэг өчигдөрхөн хийсэн байсан. Найз нөхөдтэйгээ утсаар ярихдаа УОК-ийн нэр барьж мэргэжлийн үг хэллэгийг буруу зөрүү хэрэглэж, хоорондоо марзганасан бичлэг тавьсан. УОК-ын Шуурхай штабаас эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдвар өвчин бол тоглоом биш, тоглоом тоотой нь дээр.
Улс орноороо энэ өвчинтэй тэмцэхийн тулд олон хүн нойр хоолгүй зүтгэж байхад энэ нөхдүүд тоглож, олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавьсан. Бусад хүмүүст хандаж хэлэхэд, халдварт өвчин тархсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад цаг наргүй ажиллаж байгаа олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг буруугаар ашиглаж, олон нийтийн сүлжээнд марзганах юм бол хуулийн хатуу хариуцлагатай шүү. Тэр зургаан нөхөр амны хаалт ч үгүй суучихаад марзганаж байна лээ, дэг журамтай учир тэднийг шалгуулна” гэлээ.