Ц.Ганхүү: Үзэгчид төдийгүй урлаг соёлын алдартнууд ч гэсэн “Баярын мишээл” нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээдэг

Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг МҮОНТ-ийн “Баярын мишээл”  хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл өнөөдөр 22:00 цагт МҮОНРТ-ийн Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB Спорт сувгаар болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар үзэгчдэд хүрэх “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл-2021” шинэ жилийн баярын хөтөлбөрийн Ерөнхий найруулагч Цогоогийн Ганхүүтэй ярилцлаа.

-Энэ жилийн “Баярын мишээл” хөтөлбөр урьд жилүүдийнхээс ямар онцлогтой болох вэ?

-МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчид “Баярын мишээл” нэвтрүүлгээ үзэгч түмэндээ хүргээд 51 жил болж байна. Энэ хугацаанд үзэгчид төдийгүй урлаг соёлын алдартнууд ч гэсэн “Баярын мишээл” нэвтрүүлгийн зураг авалтыг тэсэн ядан хүлээдэг болжээ. Энэ жилийн нэвтрүүлгийн гол онцлог бол өнгөрсөн хагас зуунд эгшиглэж үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн дуунуудыг орчин үеийн уран бүтээлчид өөр өөрийн өнгө аясаар дуулсан. Мөн энэ цаг үеийн залуу уран бүтээлчдийн дуу, бүжгийг “Баярын мишээл”-ийн тайзнаас хүргэхийг зорилоо. Нэг ёсондоо бүх насны үзэгчид үзэхэд тохиромжтой контент болсон гэж хэлж болно.

-Энэ жил МҮОНТ-ийн шинэ жилийн баярын уламжлалт хөтөлбөр “Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” гэсэн нэлээд урт нэрээр үзэгчдэд хүрэхээр болжээ?

-Жил бүр Нийслэл Улаанбаатар хотын иргэд төв талбай дээрээ очиж “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнээ үзэж шинэ оноо угтдаг байсан бол “КОВИД-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” тусгай дугаарыг бэлтгэн үзэгчдийнхээ гэрийн хойморт хүргэхээр бэлдсэн. “Мөнгөн шөнө”, “Баярын мишээл” хоёр бол тус тусдаа үзэгчиддээ хүрч хэдийн хүлээлт үүсгэдэг болсон том контент, арга хэмжээ. Тэр ч утгаараа энэ хоёр контентынхоо онцлогийг уялдуулж хөтөлбөрийнхөө агуулгыг гаргасан. Энэхүү бүтээлийг бүтээхэд оролцсон НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олонд талархал илэрхийльe.

-“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” шинэ жилийн баярын хөтөлбөрт ажиллаж байгаа баг хамт олон урьд жилүүдийнхтэй харьцуулбал залуу уран бүтээлчдээс бүрдсэн гэсэн?

-Шинэчлэлгүй уламжлал, уламжлалгүй шинэчлэл гэж аль ч салбарт байдаггүй болов уу. Ялангуяа 53 жилийн түүхтэй МҮОНРТ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа олон арван ахмад уран бүтээлчээсээ залуу уран бүтээлчид бид суралцсаар өнөөдрийг хүрсэн. Тэр ч утгаараа энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” хөтөлбөрт залуу уран бүтээлчид нэг баг болон ажиллаж өнгөрсөн 50 жилийн баярын хөтөлбөрүүдийг шинэчлэн, шинэлэг хэв маягаар зохиолоо боловсруулан, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан контентоо хийхийг хичээлээ.

Мөн манай телевизийн уран бүтээлчдээс гадна “Ace entertainment” продакшны найруулагч Д.Алтантулга постпродакшны ажлыг хийж, “Brand media” групп, “Sound and stage art”, “Lan point” компанийн чадварлаг хамт олон тайзны зураг, чимэглэл дээр хамтран ажилласан.

-Телевизийн салбарын техник технологи үсрэнгүй хөгжсөөр байна.  “Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2020” хөтөлбөрт орчин үеийн дэвшилтэт ямар  техник хэрэгслүүдийг ашигласан бэ?

-Орчин үед дуу дүрсний урлагийг өнгө гэрлийн хослол бүхий тайзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс МҮОНТ-ийн “Студи 600”-г хамгийн сүүлийн үеийн босоо болон шалны лед дэлгэц, лазер гэх мэт гэрлүүдээр тоноглож хамгийн зохимжит хувилбараар тайзаа засахыг хичээлээ. Харин камер техникийн хувьд “Red” болон “Sony FS7”-оор зураг авалтаа хийж үзэгчиддээ өнгө гэрэл, дуу дүрсний өндөр чанартай контент үзүүлэх тал дээр анхааран ажиллалаа.

Шинэ жилийн баярын үдэш гэр бүлээрээ зурагтаа үзээд сууж байгаа үзэгчиддээ зориулж 30 гаруй уран бүтээлчийн сор болсон дууг хүргэнэ. Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021”  хөтөлбөрт маань дуучдаас гадна хүндэт зочид уригдсан. Эрхэм үзэгч та бүхэн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” тусгай дугаарыг өнөөдөр 22:00 цагаас МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB Спорт” сувгаар болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …