Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан.
Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ.
Мөн энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын Сайд С.Чулуунд гардуулан өгсөн юм.
МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй.
Тухайн үед нийслэлийн удирдлага Хүүхдийн төлөө фондтой хамтран ажиллаж, жил бүрийн нийтийн субботникийг зохион байгуулах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүүхдийн төлөө цогцлоосон бүтээн байгуулалтуудын цэвэр цэмцгэр, соёлч боловсон орчин, ашиглалтыг хангах зэрэг ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж ирсэн түүхэн уламжлалтай.