Өнгөрсөн жил УИХ-аар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Хуульд “Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ.
Энэ хүрээнд зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгджээ.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байв. Энэ дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, 420 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж байв. Тухайн үед зээл аваагүй байсан 194 мянган ахмадад 1 сая төгрөгийн үнэт цаас олгоно гэж мэдэгдсэн нь ийн ажил хэрэг болж байгаа бололтой.