ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 11581 хүн шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
–Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12 хүнээс халдвар илэрлээ.
-Халдвар авсан сувилагчийн гэр бүлийн 4 хүнээс коронавирус илэрлээ.
-Үлдсэн зургаа нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод нийт халдвар авсан хүний тоо 491 болсон байна. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1308 болсноос 884 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 413 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл:маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн эмчлэгдэж байна.
2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэж байсан 76 настай хүн нас барлаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчний судасны бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн коронавирусийн халдварт өртөж, ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчилгээнд байж байгаад нас барсан байна.
“Мөнхада” компаниас үүдэлтэй голомтод нийтдээ 17 хүн халдвар авсан байна. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа.
Мөн ХСҮТ-ийн ажилчидтай холбоотойгоор 16 хүн халдварт өртөөд байна. Шинээр гарсан 3-4 голомтын хүрээ хязгаарыг тогтоох, хянах үйл ажиллагаа явагдаж байна” гэж мэдэгдлээ.