ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо.
ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн малчдад хүргэх тэжээл эзэддээ хүрэхэд бэлэн болжээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цахим хурлын үеэр “Энэхүү тусламж өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад, эзнээ олж очих ёстой. Иймд орон нутгийн удирдлагуудыг хуваарилалтыг шударга зохион байгуулж, хэрэгтэй хүмүүст нь тусламжийг хүргэх ёстой” гэдгийг санууллаа.
Орон нутгийн удирдлагуудын зүгээс Засгийн газар, салбарын яам өвөлжилтийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг онцолж байв.
Олон аймаг зуншлага тааруу, өвсний гарц муу байсантай холбоотой зэргэлдээ аймгуудад малчид отор нүүдэл хийж байгаа, оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч байгаагаа хэлж байв.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор малчдад өвс, тэжээл бэлнээр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан өвс, тэжээл зээлээр авах зэрэг зохицуулалт хийж өгөхийг зарим аймгийн удирдлага хэлж байв.
Мөн энэ үеэр усны хомсдол, бэлчээрийн даацын асуудлыг хөндөж ярьсан бөгөөд яамны зүгээс төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ асуудалд шийдэл гаргахад анхаарна гэдгээ хэлэв.