Хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон билээ.
Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү А.Батмандах нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
А.Батмандах нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа юм гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Жүжигчин А.Ганчимэгийн тайлбар
А.Батмандахын автомашин нь жүжигчин А.Ганчимэгийн нэр дээр бүртгэлтэй байсан тул түүнийг төрийн байгууллагын нэр дээр QR код авч ашигласан хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлээд буй тул фэйсбүүк дэх өөрийн хуудастаа дараах тайлбарыг оруулжээ.
Тэрбээр “QR кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү /Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм. /ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/. Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай” гэжээ.