Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт зарим хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар Коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг тухайн аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төвтэй нь хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрөгдөөгүй авто замаар хүн тээвэр хийсэн Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдэд тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа бөгөөд мөн зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана. 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй. 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.