Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр дүүргийн есдүгээр сургууль дээрх шинжилгээний цэг дээр очин, иргэд сайн дураараа коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж буй нөхцөл байдлыг шалгалаа.
Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын бодис, давс, дайрга цацах ажлын явцыг шалгаж, “Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын байр суурийг сонсов.
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас өглөө оройдоо цас орж, нийтийн эзэмшлийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд дөрвөн бүсийн /Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу/ нийтийн эзэмшлийн 51 байршлын 1.102.097 /нэг сая зуун хоёр мянга ерэн долоо/ метр.квадрат зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага хариуцан ажиллаж байгаа.
Улмаар нийтийн эзэмшлийн автозамуудын халтиргаа гулгааг арилгах зорилгоор өглөө, оройдоо тусгай зориулалтын тоног төхөөрөмжид дөрвөн автомашинаар өдөртөө 17.1 тн тусгай зориулалтын бодис, 20.9 тн давсыг цацаж, автомашинуудын зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 122 тн тусгай зориулалтын бодис, 405.8 тн давс, 50 тн дайрга нөөцөлсөн.
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагад 79 тн тусгай зориулалтын бодис, 258 тн давс, 82 тн дайрганы нөөцийн үлдэгдэлтэй, 450 ширхэг цас цохигч, 200 ширхэг цас хусуур, 890 ширхэг хүрзний багаж хэрэгслүүд байгаа юм. 2020 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 27 чиглэлд 144035 м2 зам талбай шинээр тавигдсан учраас өмнөх жилүүдээс илүү их давс бодисны нөөцийн зардлууд нэмэгдэж байгааг хэллээ.