ХӨСҮТ: Халдвар авсан нэг хүн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, үзүүлсэн байна

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16854 хүнд шинжилгээ хийхэд 12 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Мөнххада компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.

БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ тусгаарлалтад байсан.

Өчигдөр батлагдсан тохиолдлууд өмнө бие нь өвдөж, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явсан байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нэг өвчтөн 2-3 удаа очиж, үзүүлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100-гаад ажилтнаас шинжилгээ авлаа.

Урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд халдвар авсан нэг хүн очиж үйлчилгээ авсан учир эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 хүнээс шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан.

Мөн “Энэрэл” эмнэлэгт нэг өвчтөн очсон байна. Тус эмнэлгийн 94 хүнд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар бүгдийнх нь хариу сөрөг гараад байна.

Батлагдсан тохиолдлын нэг хүн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг хүн байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй ажилтныг хяналтад авлаа. 

Одоогоор нийслэлд идэвхтэй үргэлжилж байгаа голомт гэвэл БЗД-ийн 17-р хороо байна. 17-р хороонд хэд хэдэн гэр бүлийн хүмүүс өвдсөн. Одоогоор 30-аад хүн тухайн хороонд халдварт өртсөн байна.

Мөн тус хорооны залгаа 9-р хорооны хоёр гэр бүлийн хүн өвдсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна.

Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр БЗД-ийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдлын тоо 664 болсон. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …