Д.ХАНДМАА: Бактерийн эсрэг судас үүсгэлтийг дэмжиж, нөхөн төлжилтийг түргэсгэх тарилга гаргахыг зорьсон

онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон.

Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаагийн Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ЭД, ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ПАТЕНТ АВСАН-

-Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн”  шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Танай сайтын  хамт олон болон уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Оны шилдэг болсон залуу эрдэмтэн, инженер, ажилчдаас цувралаар ярилцлага авч  байгаад баяртай байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас арванхоёрдугаар сарын 29-нд ярьж, шагнал хүртэх болсныг минь дуулгаж, баяр хүргэсэн. Тухайн мөчид сэтгэл догдолж ихэд баярласан. Энэхүү шагнал маань залуу эрдэмтдэд илүү урам зориг өглөө. Мөн Монголын шинжлэх ухааны хөгжилд залуу эрдэмтдийн оролцоо чухал гэдгийг харуулж чадсан. Мөн надаар төлөөлүүлэн Дангүүг их сургууль, “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн хамт олныг маань үнэлсэн сайхан үйл явдал боллоо.

-Та анагаахын шинжлэх ухааны чиглэлээр хэзээнээс сонирхон судалж эхэлсэн бэ. Энэ чиглэлээр ямар сургуулиудад мэргэшсэн бэ?

-Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. 33 дугаар сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сонгоны ангид суралцах явцдаа анагаахын шинжлэх ухаан, биотехнологид дурласан гэж хэлж болно. 2010 оноос хойш БНСУ-ын Дангүүг их сургуульд суралцан, докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан судалгаагаа  үргэлжлүүлэн хийж, 2020 онд дэд профессор цол хүртлээ. Мөн 2018 оноос хойш “Монос” группын Эм судлалын хүрээлэнгийнхэнтэй хамтарч тус хүрээлэн болон ЭЗШУИС-д зөвлөхөөр ажиллаж байна.

-Шагнал хүртсэн судалгааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Анагаах ухааны эдийн инженерчлэлийн салбар нь сүүлийн 10-аад жилийн турш хурдацтай хөгжиж байна. Энэхүү чиглэлийн гол цөм нь биоматериал ашиглан тухайн эд, эрхтнийг богино хугацаанд нөхөн төлжүүлж эмчлэхэд чиглэсэн. Олон улсын судалгаагаар зарим метал ионууд, тухайлбал “Со, Cu, Sr, Si” агуулсан биоматериалууд нь бактерийн эсрэг маш сайн үйлдэлтэй болохыг харуулдаг. Иймээс тус судалгаагаар бактерийн эсрэг үйлдэлтэй, мөн судас үүсгэлтийг дэмжиж нөхөн төлжилтийг түргэсгэх микро бөмбөлөг буюу тарилга шинээр гаргаж авахаар зорьсон. Энэхүү судалгаа нь үрэвслийн гаралтай өвчлөлийн үед эмчилгээний ионуудыг ашиглан намдаах, дархлаа сэргээх, ингэснээр өвчтөний тоог бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах онол, практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинжилгээний ажил юм. Мөн эмийн бус эмчилгээний олон төрлийн ион агуулсан биоматериал гарган авах, үүдэл эсийн орчинд нөлөөлөх нөлөөлөл болон механизм судлах, амьд биед тарихад гаж нөлөөгүй, эмчилгээний үйлдэл өндөртэй, нян бактери устгаж, үүдэл эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэн судасжилт үүсгэнэ. Түүнчлэн тухайн халдвар авсан хэсгийн дархлааны эсийг  идэвхжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Эдийн инженерчлэлийн салбарт дэлхийд хоёрдугаарт жагсдаг Их Британийн “Acta Biomaterialia” сэтгүүлд хэвлэгдэж, 60-аад ишлэл авсан

-Та судалгаагаа хэрхэн хийж, баталгаажуулсан бэ?

-Судалгааны хүрээнд гарган авсан микро бөмбөлгийг судасны гол эс болох эндотел эсийг судалж, гол чухал молекул механизмыг баталсан. Эерэг болон сөрөг бактери тус бүрд нөлөөлөх нөлөөллийг судалж, эс болон бактерийн хам орчинд эмчилгээний үйлдэл хэрхэн үзүүлж байгаа талаар тус бүр туршсан. Энэхүү судалгааны үр дүнд эмчилгээний ионууд ялгарснаар судасны эсийн генд нөлөөлөх гол өсөлтийн факторыг идэвхижүүлсэн (VEGF, FGF and KDR) ба эдгээрийн хамааралтай уургийг ихээр ялгаруулан судас үүсгэлтийг түргэсгэх үйлдэлтэйг баталсан. Мөн өндөгний үр хөврөл ашиглан тарилгын үр нөлөө, эмчилгээний үйлдлийг баталсан. Эдгээр судалгааны үр дүнд үндэслэн гаргаж авсан микро бөмбөлөг нь эерэг, сөрөг бактерийг 60 хувиас доошгүй устгаж байсан бөгөөд үүдэл эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэн судасжилт үүсгэж, тухайн халдвар авсан хэсэгт дархлааны эсүүдийг идэвхжүүлэх үйлдэлтэйг баталсан юм.

-Судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан эмчилгээний олон төрлийн ион агуулсан тус тарилгыг хэрэглэн, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр манай анагаах ухааны салбарт ямар ач холбогдолтой вэ?

-Үрэвслийг намдааж, судас үүсэлтийг дэмжсэнээр эд, эсийг нөхөн төлжүүлж, тухайн эрхтний үйл ажилгааг сэргээснээр Монгол Улсын хүн амын өвчлөл буурах, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах ухааны салбарт хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Энэхүү бүтээл нь Эдийн инженерчлэл салбарт SCI бүртгэлтэй дэлхийд хоёрдугаарт жагсдаг Их Британийн “Acta Biomaterialia” сэтгүүлд хэвлэгдэж, 60-аад ишлэл авсан нь бусад орны эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байгаа. Мөн ион агуулсан биоматериалыг үйлдвэрлэн дэлхий дахинд үрэвсэлт өвчлөлийн эмчилгээнд нэвтрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харуулж байна.

-Таны  судалгаа манай улсад анхных уу?

-БНСУ-ын Оюуны өмчийн газраас эд, эсийн эмчилгээнд нэвтрүүлэх инновацлаг биоматериалын патент авсан. Цаашид тарилга болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэн хөгжүүлвэл Монгол Улс төдийгүй дэлхий дахин хэрэглэх боломжтой. Одоогоор эмчилгээний гол үйлдэл, эсийг ямар механизмаар дифференцацид оруулж буйг судалж бэлэн болгож байна. Цаашид технологийн туршилт хийж, клиникт нэвтрүүлэх бүрэн боломжтой.

-БНСУ-ЫН 4-5 ПАТЕНТ ЭЗЭМШИЖ БАЙГААГИЙН НЭГ НЬ ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛСОН-

-Өмнө нь ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байв. Тэдний ач холбогдол, нөлөөллийн талаар ярьж өгөхгүй юү?

-Миний судалгааны ихэнх нь эдийн нөхөн төлжилт, сэргээлтэнд зориулж эмчилгээний үйлдэл үзүүлэх биоматериал гарган авах байдаг. Эс болон амьтан дээр тухайн өвчний модел үүсгэж туршдаг. БНСУ-ын 4-5 патент эзэмшиж байгаа. Үүнээс нэг нь үйлдвэрлэлд нэвтрэхээр эмнэлзүйн туршилтад ороход бэлэн байна. 2019 онд Солонгосд Монголын залуучуудын холбооноос шагнал авч байсан. Мөн хэд хэдэн улсын хуралд илтгэл тавьж, шагнал хүртсэн. Солонгосын шилдэг залуу судлаачид олгодог төслийг 2018 онд авч, одоог хүртэл түүнийхээ судалгааг хийж байна. Тус төсөл гурван жилийн хугацаатай.

-Судалгааны ажил хийхэд юуг илүүтэй анхаарах ёстой вэ. Бүтээл хийх явцад шантрах, бүтэлгүйтэх тохиолдол гарч байв уу?

-Судалгааны ажил хийх нь маш их уншиж, логикоор бодох, судалгааг өндөр түвшинд хийх зэрэг олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Мөн тэвчээр шалгасан их сонирхолтой ажил. Тийм болохоор бүтэлгүйтэх, бодсоноос өөр үр дүн гарах гэх мэт нэлээд зүйл тохиолддог. Гэр бүлийнхэн, хань маань намайг өглөө гараад шөнө хүртэл судалгааны ажлаа хийгээд ирэхэд сайн ойлгож, урам өгч, тайвшруулдаг. Тийм болохоор шантраад байдаггүй.

-Хэн танд хамгийн ихээр тусалж, зөвлөж байсан бэ?

-Манай профессор эдийн инженерчлэлийн салбартаа олон улсад танигдсан эрдэмтэн байдаг. Тэрбээр шаардлага өндөртэй, их сайн удирдагч. Энэ хугацаанд үргэлж профессороосоо суралцаж ирсэн. Миний судалгааг маш их дэмжиж, зөвлөдөг. Мөн манай хүрээлэнгийн хамт олон их дэмжиж, тусладаг даа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …