Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна.
Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 1100₮-гг иргэдээс хураан төвлөрүүлсээр ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд бусад өргөн нэвтрүүлгийн арилжааны телевизүүд реклам, сурталчилгаагаар гол орлогоо бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирэв. . Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн телевизийн олон суваг байгаа ч үүнээс үзэгчийн мэлмийг булаах чансаатай дотоодын уран бүтээлийн тоо хуруу дарам цөөн байгааг нуух шаардлагагүй биз ээ. Энэ нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарт ажилладаг уран бүтээлчдийг үнэлсэн, өрсөлдөөнийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой байсан. Энэхүү тодорхойгүй байдал нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг чөдөрлөж байсан юм. Телевизүүд өндөр чанартай уран бүтээл туурвих ажил маш их хугацаа, хөдөлмөр шаарддаг.
Хэдийгээр таны гэрийн хойморт 7 хоногт нэг дугаар 60 минутын шоу нэвтрүүлэг гарч байгаа ч түүний цаана жил дамнасан, олон зуун уран бүтээлчдийн цаг наргүй хөдөлмөр, хүч шингэсэн байдаг. Ингэж чанартай бүтээл төрдөг. Ийнхүү өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг дараачийн шатанд авчрах, хүүхд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх, үндэсний түүх, соёл, өв, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий чанартай уран бүтээлийг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019.12.12-ны өдөр баталсан бөгөөд хууль 2020.7.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.
Энэхүү хуулийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс тооцож, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан телевизүүдэд хуримтлуулах бөгөөд уг орлогоор өргөн нэвтрүүлгийн телевиз үндэсний агуулгатай, чанартай контент бүтээн хэрэглэгчид үзүүштэй бүтээлийг хүргэх үүрэгтэй. Урт хугацаанд эдгээр сувгуудын бүтээл чанаржих, өрсөлдөөнийг дэмжих нь ач холбогдолтой хэмээн ойлгож болно. Иймд үзэгч, хэрэглэгч бүр Монгол агуулга бүхий контент, нэвтрүүлэгт хувь нэмэх оруулах цаг ирээд байна.