Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Эх сурвалж:Дээд шүүх