Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь гурван жил тутамд ээлжит их хурлаа хийж, дэлхий дахинд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүл зүй, сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн хурц асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн олон улсын анхаарлыг хандуулдаг.
Ээлжит 30 дугаар их хурал 2019 онд Тунист болж, МСНЭ-ийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон. Харин 31 дэх удаагийн Их хурал 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар болоод байгаа юм. Энэхүү эрхийн төлөө МСНЭ 11 оронтой өрсөлдөж, сүүлийн шатанд Франц улстай тунаж үлдэн улмаар өнгөрсөн оны долдугаар сард тус эрхээ авсан юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулах их хурлын бэлтгэлд онцгойлон анхаарч, ОУСХ-ны гишүүнчлэлийн татвараа баталгаажуулан ажиллаж байна. Тус их хуралд дэлхийн 170 улсын 400 орчим сэтгүүлч, мэргэжлийн холбоодын тэргүүн, удирдлагууд хүрэлцэн ирэх ба энэ нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд чухал нөлөөтэй арга хэмжээ болох юм.